ДЭМБ: Хорт хавдрын улмаас жилд 8.8 сая хүн нас барж байна

Дэлхийд | Эрүүл мэнд
dorjkhand@montsame.mn
2017-02-06 10:29:51

ЖЕНЕВ. /Anadolu/. Хорт хавдрын улмаас дэлхийн хэмжээнд жилд 8.8 сая хүн нас барж байна гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдлээ.

Тус байгууллагын мэдэгдсэнээр, хэрвээ хорт хавдрыг эрт үед нь оношилж илрүүлбэл жилд дээрх тооны хүмүүсийг аврах боломжтой.

Хоёрдугаар сарын 4-нд болсон “Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан гаргасан тайланд “хорт хавдрыг хэтэрхий оройтсон хойно нь оношилж байгаа нь хамгийн гол асуудлуудын нэг болоод байна. Эрүүл мэндийн тогтолцоо, үйлчилгээ сайтай улс орнуудад ч хорт хавдрыг хүндэрсэн шатанд орсон хойно нь оношлох тохиолдлууд гарсаар байна. Хүнд шатанд орсон хойно нь хорт хавдрыг эмчлэх амаргүй” гэжээ.

Хорт хавдрыг сүүлчийн шатандаа орсон хойно нь оношлох, хорт хавдрыг эмчлэх арга хэмжээ хангалттай авахгүй байгаа зэрэг шалтгааны улмаас энэ өвчнөөр олон хүн шаналж, амиа алдсаар байна гэж ДЭМБ-ын Халдварт бус өвчний менежмент, хөгжлийн бэрхшээл, хүчирхийлэл ба осол гэмтлээс урьдчилан сэргийлэх газрын захирал Этьен Круг хэллээ.

ДЭМБ-ын мэдэгдэлд “одоо дэлхийн хэмжээнд жилд 11 сая хүн хорт хавдар тусч байна. 2030 он гэхэд энэ тоо 21 сая болж нэмэгдэх хандлагатай байна” гэжээ.

2015 онд хорт хавдраар нас барсан хүмүүсийн тоог 2000 оныхтой харьцуулахад 27.5 хувиар нэмэгдсэн байна. Тодруулбал, 2000 онд дэлхийн хэмжээнд 7 сая орчим хүн хорт хавдраар нас барж байсан бол 2015 онд 8.8 сая хүн хорт хавдраар нас баржээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ