Владимир Кличко хоёр сарын турш сэргээшийн шинжилгээнд хамрагдана

Дэлхийд | Спорт
adiyakhuu@montsame.mn
2017-02-01 12:01:21

МОСКВА./TASS/. Мэргэжлийн боксын гурван холбооны аваргын бүсийг эзэмшиж байсан Украины боксчин Владимир Кличког санамсаргүй тохиолдлын байдлаар сэргээшийн шинжилгээнд хамруулах ажээ. Шинжилгээг VADA буюу Сэргээшийн сайн дурын шинжилгээний холбоо хийх юм.

Кличко 4 дүгээр сард супер хүнд жинд Олон улсын боксын холбооны /IBF/ аваргын титмийг эзэмшигч Энтони Жошуа-тай тулаан хийх гэж байна. Энэ тулаанаар IBF болон Дэлхийн боксын холбооны /WBA/ “супер аварга” тодрох юм. Тулаанд бэлтгэх найман долоо хоногийн хугацаанд VADA Кличкогоос сэргээшийн шинжилгээний сорил авах ажээ. Кличко-Жошуа нарын тулааныг Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд 4 дүгээр сарын 29-нд явуулахаар товлосон байна.  Энэ тулаан өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-нд болох ёстой байсан боловч 40 настай Кличко хөлөө гэмтээсэн учраас хойшлогджээ.

Кличко хэлэхдээ “спортыг цэвэр ариун байгаасай гэж хүсч байгаа бол санамсаргүй тохиолдлын байдлаар сэргээшийн шинжилгээнд орж байх ёстой. Бокс бол теннисний тэмцээн биш” гэсэн байна.

Мэргэжлийн боксчны замналынхаа туршид Кличко 68 тулаан хийснээс 64 ялж, 4 удаа ялагджээ. Харин 27 настай Энтони Жошуа 18 тулаан хийснээс бүгдэд нь нокаутаар ялж, мэргэжлийн боксын рингэнд “босоо” хэвээр байна.

Б.Адъяахүү  

 

Холбоотой мэдээ