Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хэлэлцүүлэг хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-29 17:33:59

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны харьяа Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газартай хамтарч  “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэдийн саналыг тусгах нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг хийв.

Хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтэс, Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Эрүүл Мэндийн газар, Эрүүл мэнд Нийгмийн даатгалын газар, Онцгой байдлын газар, Хөдөлмөр, Халамжийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Эмэгтэйчүүдийн холбоо, Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын Багуудын болон ЕБС-ын нийгмийн ажилтнууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, оюутан залуусын зэрэг 120 гаруй хүн оролцож уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа өгсөн юм. Оролцогчдыг баг болгон хуваарилж “Гэр бүлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн бүлэг тус бүрээр нь судлаж танилцан хэлэлцэж хоорондоо санал солилцох боломж бүрдүүлсэн нь энэ удаагийн нээлттэй хэлэлцүүлгийн онцлог байв. Хэлэлцүүлгийн эхэнд гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн талаар орон нутгаас баримталж байгаа бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг аймгийн ЗДТГ-ын НБХ-ээс хийлээ. 2016 онд тус аймагт гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 58 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос 16,0 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас шалгагдсан хүмүүсийн 98 хувь нь эрэгтэйчүүд  бөгөөд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хоёр хүн амь насаа алдаж 56 иргэн бие махбоди болон сэтгэл зүйгээр хохирсон байна. Аймгийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Дулам “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж уг танилцуулгадаа: “Монгол улс нь 1999 онд “Гэр бүлийн тухай хууль”-ийг анх баталж уг хуульд гэр бүлийн хөгжлийн асуудлыг зохицуулах төрийн байгууллагын бүтэц, чиг үүргийг тодорхойлоогүй, гэр бүлийн хөгжлийг дэмжих эдийн засгийн хөшүүрэг байхгүй, гэр бүлийн бат бэх, тогтвортой байдлыг дэмжсэн боловсрол олгох тогтолцооны эрх зүйн орчин бүрдээгүй. Хүүхэд хамгаалал, өмчлөлийн эрх хуульчлагдаагүй, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг хариуцлага тодорхой бус, гадаадын иргэн болон харьяалалгүй этгээд оролцсон гэр бүлийн харилцааны зохицуулалтын асуудал тусгагдаагүй зэрэг олон сул тал бий гэж  мэргэжлийн байгууллагууд болон иргэд шүүмжилдэг. Мөн залуусын гэрлэх нас хойшилсон, гэрлэлтээ батлуулалгүй хамтран амьдрагчид нэмэгдсэн, гэр бүлийн харилцаанд чөлөөтэй хандах болсон, гадаадын иргэдтэй гэр бүл болох хандлага, гэр бүл цуцлалт болон цус ойртолт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд нэмэгдсээр байгаа нь Гэр бүлийн хуулийг шинэчлэх шаардлага, хэрэгцээ байгааг харуулж байна” гэв.

Хэлэлцүүлгийн үеэр хуулийн хэрэгжилтийг хангахад голлон анхаарч олон нийтэд сурталчлан таниулж  залуу гэр бүл тэр дундаа гэр бүлтэй оюутнуудыг дэмжиж гэр бүлийн боловсролыг өсвөр наснаас эхлэж олгох. Түүнчлэн ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт тусгах, төрийн байгууллагуудад гэр бүлийн сэтгэл зүйчдийг ажиллуулах зэргээр гэр бүлийн бат бэх тогтвортой байдал хангагдах нөхцлийг сайжруулахад анхаарч, гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн ихээр өртдөг хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон талын дэвшилтэд саналуудыг гаргалаа. Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны харьяа Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газарт хүргүүлэхээр боллоо.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ