Хөлбөмбөгийн дүрмийг өөрчлөх талаарх хэрэгжээгүй саналууд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2017-01-20 13:05:28

Өнгөрсөн лхагва гарагт Олон улсын хөлбөмбөгийн холбооны /ФИФА/ техникийн асуудал хариуцсан захирал, Голландын нэрт хөлбөмбөгчин, дасгалжуулагч Марко ван Бастен тоглолтын дүрмийг үндсээр нь өөрчлөх санал гаргасан байна. Түүний дэвшүүлж буй саналууд гэвэл, хөлбөмбөгчдийг шар болон улаан картаар торгож байгааг эргэн хянаж үзэх, нэмэлт цагийг халж, хоккейд торгуулийн цохилтыг /буллит/ нэвтрүүлэх, отон тоглолтыг байхгүй болгох гэх мэт олон зүйл бий.

Үүнтэй холбогдуулан ТАСС агентлаг урьд өмнө нь хөлбөмбөгийн дүрмийг өөрчлөх талаар дэвшүүлж байсан боловч олны дэмжлэгийг авч чадаагүй саналуудыг эргэн сануулж байна.  

1.Торгуулийн хуудасны өнгийг олон болгох 



Ван Бастенаас өмнө торгуулийн системийг өөрчлөх талаар УЕФА-гийн шүүлтийн асуудал эрхэлсэн ахлах ажилтан, өмнө нь шүүгчээр ажиллаж байсан Пьерлуижи Коллина санал дэвшүүлж байсан юм. Тэрбээр улбар шар өнгөтэй карт нэвтрүүлье, ийм карт авсан тоглогч тоглолт дуусах хүртэл бус харин тодорхой хугацаагаар талбайгаас хөөгддөг байхаар зохицуулъя гэсэн санал гаргаж байжээ. Түүний бодлоор, өдгөө хэрэглэж буй шар карт нь хэтэрхий хөнгөн шийтгэл, харин улаан нь хэт хүнд шийтгэл болчихоод байгаа аж.

Уг хоёр картнаас гадна ногоон карт гэж бий. Үүнийг 2016 оны 10 дугаар сараас эхлэн нэвтрүүлж, шударга тоглолтын дүрмийг баримталсан хөлбөмбөгчид олгож байна.

2.Тоглолтыг хугацаанаас нь өмнө дуусгах ба нэмэлт тоглогч оруулах

2012 онд Норвегийн хөлбөмбөгийн холбоо нэгэн сонин санаа сэджээ. Хэрвээ нэг баг нь нөгөө багаа 6-гаас дээш бөмбөгийн зөрүүтэйгээр хожиж байгаа тохиолдолд тоглолтыг хугацаанаас нь өмнө зогсоох нь зүйтэй гэж тус холбоо үзсэн байна. Түүнчлэн хэрвээ нэг баг нь 4-өөс дээш бөмбөгийн зөрүүтэй хожигдож байгаа тохиолдолд тухайн багийн 12 дахь тоглогчийг талбайд оруулъя гэж скандинавчууд санал гаргасан боловч дэлхийн хөлбөмбөг сонирхогчдоос огт дэмжлэг аваагүй гэнэ.

3.Хаалгыг томсгох

ФИФА-г удирдаж байсан Йозеф Блаттер гоолын тоог нэмэгдүүлэх, үзүүштэй тоглолт гаргахын тулд хөлбөмбөгийн хаалганы хэмжээг томруулах саналыг 15 жилийн өмнө гаргаж байжээ. Гэвч энэ санал дэмжигдээгүй бөгөөд шонгууд хоорондын зай 7,32 м хэвээр үлдсэн билээ.

4.Тайм-аутыг нэвтрүүлэх 

"Манчестер Юнайтед" багийн ахлах дасгалжуулагч Жозе Моуринью 2014 онд хоккей, сагсан бөмбөг, волейбол, гандболын спортод хэрэглэдэг тайм-аутыг хөлбөмбөгт мөн адил хэрэгжүүлэх санал дэвшүүлсэн боловч дэмжлэг авч чадсангүй.

Одоогийн байдлаар, хэт халуун үед тоглогчдыг амрааж, тэдэнд ус уух боломж олгохын тулд тайм-аут завсарлага авч байгаа билээ.  

5.Баашилсан үед оноох шийтгэлийг чангатгах

"Манчестер Юнайтед" багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Алекс Фергюсон баашилдаг тоглогчдыг хатуу шийтгэхийн тулд тэднийг 2-3 минутын хугацаагаар талбайгаас хөөх санал гаргаж байсан юм.  

Харин одоогоор “жүжиглэдэг” тоглогчдод шар хуудас өгч байгаа билээ.

6.Хөлбөмбөгийн спортод хүйсийн тэгш оролцоог хангах  

2003 онд Италийн “Перужи” клубын ерөнхийлөгч Лучано Гаучи нэгэн сонирхолтой санал дэвшүүлсэн нь, эрэгтэйчүүдийн багт эмэгтэйчүүд тоглохыг зөвшөөрөх тухай байлаа. Тэрбээр өөрийн багт Шведийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ багийн хоёр тоглогчийг урьсан боловч нөгөө хоёр нь татгалзсан байна. Иймэрхүү “шинэ санаа” газар авалгүй унтарсан юм. Одоогоор эмэгтэйчүүд эрчүүдийн тоглолтод шүүгчийн үүргийг гүйцэтгэж байна.   

7.Гоолын тооноос хамааруулан оноо нэмж өгнө

2014 онд Английн “Арсенал” клубын ахлах дасгалжуулагч Арсен Венгер хожсон болон тэнцсэн тохиолдолд оноо өгөхөөс гадна оруулсан гоолын тооноос хамааруулан оноо өгч байя гэсэн санал гаргажээ. Ингэснээр хөлбөмбөгийг улам үзүүштэй сайхан болгоно гэж тэрбээр үзэж байв. Одоогоор хожсон баг 3 оноо, тэнцсэн тохиолдолд 1 оноо авч байгаа билээ.  

Б.Адъяахүү  

Холбоотой мэдээ