АНУ-БНХАУ: Никсоноос Обама, Дэн Сяопинээс Си Зинпин хүртэл

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2015-10-16 16:16:48

Өнгөрсөн сард олон улсын амьдралд тохиосон томоохон үйл явдлуудын нэг бол Хятадын удирдагч Си Жинпин анх удаа АНУ-д төрийн айлчлал хийсэн явдал яах аргагүй мөн. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг хоёр орны удирдагчдын уулзалтын тухайд “хоёр хүн уулзах нь маньд юуны хамаатай” гээд орхичихож болохгүй юм. 

Харин НҮБ-ын 70 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагаа, Ерөнхий Ассамблейн хүндэтгэлийн чуулган давхацсан тул гадаадын хэвлэлүүд энэ айлчлалын талаарх мэдээллийг олон нийтэд арай л дутуу дулимаг хүргэх шиг боллоо. Тухайлбал, Ромын пап Франциск АНУ-д зочилсныг Америкийн хэвлэлүүд илүү дэлгэрэнгүй мэдээлж байх жишээтэй.

Ер нь бол, Хятадын удирдагчийн айлчлалыг 1979 онд Дэн Сяопэний Америкт хийсэн айлчлалтай ач холбогдлын хувьд дүйцэхүйц чухал үйл явдал болно хэмээн олон улсын тоймчид онцолж байсан юм. Орчин цагийн АНУ-БНХАУ-ын харилцааны үндэс суурь нь 1972 онд Ричард Никсон, Хенри Киссинжер нарын үед тавигдсан гэж үздэг бол Дэн Сяопиний айлчлал “хоёр орны харилцаанд шинэ эрин үеийг авчирсан” гэж дүгнэдэг.

1979 онд хоёр тал дипломат харилцаа тогтоож байх үед Хятад улс дэлхийн ядуу орнуудын нэгд тооцогддог байсан бол өнөөдөр эдийн засгийнхаа цар хэмжээгээр дэлхийд 2 дугаарт бичигдэж, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулах, “Торгоны зам” зэрэг төслүүдийг санаачлах хэмжээнд хүртэл өсч дэвжжээ. 

1979 онд Хятад-Америкийн худалдааны хэмжээ 2 тэрбум доллар байсан бол 2014 онд 550 тэрбумд хүрч өссөн бөгөөд эдүгээ Хятад улс АНУ-ын хувьд хоёрдахь том худалдааны түнш, америк барааны гуравдахь том зах зээл болон хувирчээ.  1993 онд Калифорни муж улсын эдийн засгаас цар хэмжээгээрээ бага байсан Хятадын эдийн засгийн багтаамж АНУ-ын ДНБ-ын 60 хувьтай тэнцэх болсон байна.

Айлчлал АНУ-ын нийслэлээс бус харин Вашингтон муж улсын Сиэтл хотоос эхэлсэн нь анхаарал татна.  Хятадын шинэчлэлийн эцэг Дэн Сяопин ч мөн адил одоогоос 36 жилийн өмнө Америкт айлчлах үеэрээ энэ хотод зочилж байжээ. Учир хэмээвээс, Сиэтл хотын үйлдвэрүүд зөвхөн өнгөрсөн онд гэхэд л 21 тэрбум долларын барааг Хятадын зах зээлд нийлүүлсэн нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд томоохон байр суурь эзэлдэг бүс нутаг гэдгийг нь харуулж байна. Дашрамд дурдахад, Сиэтлд "Майкрософт", "Амазон", "Боинг" зэрэг аварга том корпорациудын төв оффис байрладаг ажээ. Си Зинпинийг Хятадын хамгийн хүчирхэг корпорциуд болох Алибаба, Леново болон ICBC, Bank of China зэрэг тэргүүлэгч банкуудын төлөөлөгчид дагалджээ. 

Бизнесийн хүрээний 800 гаруй хүн оролцсон хүлээн авалт дээр Си Зинпин хэлэхдээ “Хятад улс шинэчлэлийн замаасаа хазайхгүй бөгөөд нээлттэй эдийн засгийг бий болгох үйл ажиллагаагаа эрчимжүүлнэ” гэж онцлоод “манай улс бизнесийг ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг баримталж байна” гэлээ. Тэрбээр улс төрийн асуудлыг ч мөн хөндөхдөө “Хятад, Америк хоёр бие биенийнхээ стратегийн зорилго санааг илүү сайн ойлголцох, улс хоорондын харилцааны шинэ загварыг бий болгох”-ыг уриалсан байна. Си Зинпин төрийн эрхэнд гарснаасаа хойш ”их гүрнүүдийн хооронд шинэ маягийн харилцаа тогтоох” тухай олонтоо ярих болсныг ажиглагчид онцолж байна.

Дашрамд дурдахад, Хятадын даргын хувийн амьдрал ч Америктай хэд хэдэн сэжмээр холбогдсон тухай хэвлэлүүд бичдэг. Тухайлбал, 1985 онд мужийн намын хорооны ажилтан байхдаа тэрбээр эрдэнэшиш тариалах талаар туршлага судлахаар Айова муж улсад очиж байсан гэдэг. Үүнээс гадна, түүний охин Си Минзэ Харвардын их сургуульд сэтгэл судлалаар суралцаж байсан тухай баримт бий. Тухайн үед намын ажилтнуудын дунд хүүхдүүдээ гадаадад сургах нь моод болоод байсан аж. Гэхдээ түүний охин эх орондоо эргэж ирсэн нь ах дүү, хамаатан саднаа гадаадад байлгадаг гэх хэл амнаас жийрхсэнтэй холбоотой гэнэ.                                                                                       

Хятадын хүчирхэгжилт Америкт халгүй

Хятад, Америк хоёр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийж байгаа нь одоо төгсгөлийн шатандаа орж, уг гэрээнд гарын үсэг зурваас энэ нь хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана гэж ажиглагчид үзэж байлаа. Гэвч Си Жинпиний айлчлалын үеэр гарын үсэг зурах ёслол болсонгүй. 

Хэрвээ уг гэрээг байгуулсан бол гадаадын компаниудын Хятадад ажиллах нөхцөл боломж эрс сайжирч, 2001 онд Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад элссэний дараа бизнесийн орчин нь нэн таатай болж өөрчлөгдөж байсантай зүйрлэхүйц үйл явдал болох байлаа. Энэ гэрээг байгуулж чадвал цаашдаа Хятад-Европын Холбооны хооронд ийм төрлийн гэрээ байгуулахад үндэс суурь нь болж өгөх юм.

300 ширхэг Боинг нисэх онгоц худалдан авахаар болсон, сэргээгдэх эрчим хүчний салбарын болон интернэт компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар тохиролцоонд хүрсэн нь Хятадын удирдагчийн айлчлалын гол үр дүн /эдийн засгийн утгаараа/ байсныг Жэньминь Жибао сонин онцолж байна.

Хоёр тал хамгийн том тохиролцоог эрчим хүчний салбарт хийсэн байна.  Чухамдаа Хятад, АНУ хоёр бол эрчим хүчний хамгийн ихээр хэрэглэдэг, хамгийн ихэээр импортолдог орнууд юм.  АНУ-ын хувьд, ойрын хугацаанд нефть болон байгалийн хий экспортлогч улс болох гэж байгаа бол Хятад хамгийн том эрчим хүч импортлогч болон хувирна. Тэгэхээр Хятад-Америкийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа дэлхийн зах зээлд нөлөөлөх нь гарцаагүй. Дээрх хоёр салбарын хамтын ажиллагаа нь хоёр орны эдийн засаг бие биенийгээ харилцан нөхөх шинэ хандлага руу чиглэж байгааг харуулж байна. Цинхуа Их сургуулийн профессор Жоу Цинан ярихдаа “сүүлийн жилүүдэд Хятадын хөрөнгө оруулагчид ялангуяа интернэт компаниуд, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарынхан гадаадынхантай түншлэх асар их сонирхолтой байгаа, тэд олон улсын зах зээл дээр ирээдүйтэй чиглэл, төсөл хайсаар байгаа” гэдгийг онцоллоо. 

Хоёр орон хоорондоо эдийн засгийн хувьд асар их хамааралтай байдгийг Жэнмин Жибао сонин тоо баримтаар тодотгожээ. Сүүлийн 15 жилийн хугацаанд Хятадаас АНУ-д оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 46 тэрбум долларт хүрсэн ба энэ нь шинээр 80 гаруй мянган ажлын байрыг бий болгожээ гэсэн үг юм. Дээрх тоо 2020 онд 100 тэрбумд хүрэх төлөвтэй.

Хоёр тал “гадаадын хөрөнгө оруулалтад хаалттай байгаа эдийн засгийн секторуудын” асуудлаар зөвшилцөлд хүрэх гэж оролдсоор байна.  Бээжингийн хувьд өндөр технологийн салбартаа Америкийн хөрөнгө оруулалтыг татах гэж оролдож байгаа бол Вашингтоны хувьд Хятадын үйлчилгээний болон банк-санхүүгийн салбарт ил тод байдлыг бий болох явдлыг илүүтэй сонирхдог.

Харилцаан дахь бэрхшээлүүд

Хоёр орны харилцаанд хүндрэл учруулж буй хэд хэдэн асуудал бий. Юуны өмнө, хоёр талын худалдаа АНУ-ын хувьд ихээхэн алдагдалтай байгаа. Иймээс макроэдийн засгийн тулгуур үзүүлэлтүүдээ сайтар хянаж, юаны ханшийг огцом хөдөлгөхгүй байхыг АНУ-ын зүгээс хятадуудад уриалдаг. Үүн дээр кибер аюулгүй байдал, Өмнөд Хятадын тэнгист хятадууд хөршүүдтэйгээ толхилцож байгаа зэрэг асуудлууд нэмэгдэнэ.

Хятад-Америкийн харилцааны шинэ загварыг бий болгоход саад болж буй гол хүчин зүйл бол америкчууд Хятадын стратегийн цаад санаа зорилгыг ихэд сэжиглэнгүйгээр харж байгаа явдал юм. Энэ нь Хятад улсыг өөртэйгээ эн сацуу гэж үзэхийг хүсэхгүй байгаатай холбоотой.

Хятадын China Daily сонины тоймч Жорж Ку-гийн үзэж байгаагаар бол, Обамагийн үед хоёр орны харилцаа өмнөхөөс арай л хүйтэн хөндий болсон аж. Ганц жишээ дурдахад, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны асуудлаар америкчууд үгүйсгэсэн байр суурьтай байсан нь хятадууд төдийгүй бусад орнуудын гайхлыг төрүүлсэн юм. Хятадын тал “дээрх санхүүгийн байгууллагууд нь нэгэнт бий болсон механизмыг эвдэн бусниулах бус харин эсрэгээр түүнийг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулна” гэж тайлбарладаг.

Ер нь бол, дэлхийн санхүүгийн орчинд ямар өөрчлөлт гарах вэ гэдгийг тоймчид маш анхааралтай ажиглаж байгаа билээ. Тодруулбал, Олон улсын валютын сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт гарах уу, БРИКС-ийн орнууд Хөгжлийн шинэ банкаа хэрхэн байгуулах гэж байна, Азийн дэд бүтцийн хөгжлийн банкны үйл ажиллагаа хэрхэн явагдах вэ, хятадуудын санаачилсан “Торгоны зам” төсөл хэрэгжих үү, үгүй үү гэх мэтчилэн.                                                      

Америкийн улстөрчид, шинжээчдийн дотор Хятадаас болгоомжлох хандлага илт байгаа бөгөөд америкчууд Хятадын хүчирхэгжилтээс болгоомжилж байгаа нь Хүйтэн дайны сэтгэл зүйгээс салаагүй байгаагийн шинж гэж ХКН-ын Төв Хорооны намын сургуулийн олон улсын харилцааны багш Чэн Зимин үзэж байна.  

Өмнөд Хятадын тэнгис дэх маргаан                                                                              

Кибер аюулгүй байдлаас гадна АНУ-Хятадын харилцаанд томоохон бэрхшээл  үүсгэж буй асуудал бол Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлууд билээ. Эрдэс баялгийн асар их нөөцтэй байх магадлал бүхий Спратли арлуудын орчмын маргаантай бүс нутагт хятадууд шороо овоолон хиймэл арлууд байгуулж байгаа нь Хятадын хөршүүдийн төдийгүй АНУ-ын эгдүүцлийг төрүүлж байгаа юм. Харин хятадууд “энэ бол хөршүүдтэйгээ хамтран шийдэх асуудал, америкчууд эл асуудалд оролцох шаардлагагүй” гэж үздэг. 

Харин АНУ-ын хувьд огт өөр байр суурьтай. Спратли арлуудын орчмоор дайран өнгөрдөг хөлөг онгоцууд жилд 5 их наяд долларын бараа зөөдөг учраас энэ бүс нутаг нь далайн тээврийн хөдөлгөөнд чөлөөтэй, нээлттэй байх учиртай юм.

Хятадууд Өмнөд Хятадын тэнгист хиймэл арлууд байгуулснаар тэд ирээдүйд Малаккийн хоолойг бүслэн хаахад хүрэлцэхүйц хэмжээний цэргийн хүчин чадалтай болно хэмээн америкчууд болгоомжилдог. Тэд тагнуулын нисэх онгоцуудаа маргаантай бүс рүү илгээж, Вьетнам, Малайз, Филиппин, Бруней, Тайваньтай хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

“Кибер орчинд зэвсэглэлээр хөөцөлдөхгүй”

Кибер аюулгүй байдал бол маш эмзэг сэдэв юм. өөрсдийнх нь эсрэг кибер довтолгоо хийж байна хэмээн АНУ хятадуудыг байнга буруушаадаг билээ. Харин Бээжин үүнийг няцаагаад өөрөө ч мөн адил ийм төрлийн халдлагад өртдөг болоод удаж байгаагаа учирлажээ. Си Зинпиний айлчлалын өмнөхөн Хятадын Аюулаас хамгаалахын сайд Мэн Зянжу Вашингтонд ирж кибер халдлагаас сэргийлэхийн тулд хамтран ажиллах асуудлыг нухацтай хэлэлцжээ. Түүнчлэн айлчлалын үеэр Си Зинпин, Цукерберг нар гар барин зургаа татуулсан нь удахгүй Хятадад Фейсбүүк ажиллаж эхлэх нь гэсэн хүлээлтийг үүсгэв. Ер нь бол, цахим арилжааны хамгийн том зах зээл болох Хятадын бүх том интернэт-компаниуд Америкийн зах зээлд аль эрт нэвтэрчихээд байгаа билээ. 

Оюуны өмчийг хулгайлах зорилгоор Америкийн компаниудын мэдээллийн санд халдаж байна, аж үйлдвэрийн тагнуулын ажиллагаа чинь арай хэтэрлээ хэмээн АНУ-ын эрх баригчид сүүлийн хэдэн жилийн турш Хятадыг буруутгаж байгаа. АНУ-д Хятадын 3200 хуурамч компани технологи хулгайлах ажиллагааг гүйцэтгэдэг гэсэн тоо ч бий.

Эл асуудал хурцадсаар эцэстээ Хятадын эсрэг хориг арга хэмжээ авах дээрээ тулжээ. Энэ оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Б.Обама шийдвэр гаргаж “Америкийн объектуудын эсрэг кибер халдлага хийсэн хүмүүст хориг тавих” эрхийг засгийн газарт олгосон байна. Харин Хятадын удирдагчийн айлчлалын үеэр хоёр тал ойлголцолд хүрч чадсанаар хоригийн асуудал түр хойшлогдлоо. Энэ тухайд Хятадын гол сонин болох Жэнмин Жибао “кибер орчинд зэвсэглэлийг хураах тухай гэрээнд” хятадууд гарын үсэг зурахад бэлэн байгаа аж.

Гэхдээ саяны айлчлалын үеэр Вашингтонд гарын үсэг зурсан хэлэлцээрт хоёр “но” байгааг шинжээчид хэлж байна. Нэгдүгээрт, уг хэлэлцээр зөвхөн АНУ, БНХАУ хоёрын хооронд байгуулагдсан. Тэгэхээр Хятадын хакерууд Америкийн хилийн чанадад орших үйлдвэрүүдийн нууцад халдах магадлалтай.

Хоёрдугаарт, уг баримт бичигт ердийн тагнуулын ажиллагаатай холбоотой кибер халдлагын талаар дурдаагүй, зөвхөн аж үйлдвэрийн тагнуултай холбоотой заалтууд оржээ.

Авлигачдыг Америкаас авчрах асуудал

Дотоод бодлогодоо Си Зинпин авлигатай тэмцэх асуудлыг эн түрүүнд чухалчлан тавьж байгаа билээ. Энэ хүрээнд гадаад руу зугтан гарсан авлигач этгээдүүдийг эх оронд нь буцаан авчирсаар байна.

Хэрэгтэн шилжүүлэх тухай гэрээ АНУ, БНХАУ-ын хооронд байгуулагдаагүй нь авлигатай тэмцэхэд нь бэрхшээл учруулж байгаа учраас Хятадын удирдагч эл асуудлыг айлчлалынхаа үеэр хөндсөн нь лавтай. Жишээ татахад, “Хятадын Сноуден” гэгддэг бизнес эрхлэгч Лин Ванчэн АНУ-д нуугдаж байгаа бөгөөд авлигын хэрэгт холбогдсоноос гадна Хятадын дээд удирдлага дахь байр байдлыг тун сайн гадарладаг нэгэн.

Тайванийн асуудал

Тайванийн засгийн эрхэнд Гоминдан намын дарга Ма Инзю гарснаас хойш Бээжин, Тайпей хоёрын харилцаа мэдэгдэхүйц зөөлрөөд байгаа. Тайванийн асуудал Америк-Хятадын удирдлагууд уулзах үеэр байнга яригддаг боловч  энэ удаад төдийлөн дурдагдсангүй.

Солонгосын хойгийн асуудал     

Хойд Солонгосын асуудлын тухайд Хятад улс цөмийн зэвсгийн асуудлаар яриа хэлэлцээний механизмыг идэвхжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа бол америкчууд “эдийн засгийн хөшүүргээ ашиглаад Ким Жөн Унд” нөлөөлөхийг хятадуудад ятгаж байгаа юм.

Дүгнэлт. Хэдийгээр энэ мэтийн үл ойлголцол, санал зөрөлдөөн байсаар байгаа боловч Америк-Хятадын эдийн засгийн нэгдмэл сонирхол, хамтын ажиллагаа нь тэдний хооронд байдаг улстөр, үзэл суртал, нийгмийн тогтолцоон дахь асар их  ялгаанаас үл хамааран  улам бүр прагматик шинжтэй болж байна.  

Өдгөө БНХАУ-АНУ хоёрын хооронд худалдааны харилцааны тал дээр гэрээ хэлэлцээний 90 гаруй механизм үйлчилж байна. Энэ хоёр улсын хооронд прагматик харилцаа улам бүр бэхжиж байгаа нь зөвхөн тухайн хоёр оронд төдийгүй дэлхий дахинд ашигтай юм.

Б.Адъяахүү

 

Холбоотой мэдээ