Байгаль хамгаалагч хүүхдүүдийг урамшуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2015-10-15 18:08:51

БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний IV чуулганд оролцохоор ирсэн Хар ус нуурын тусгай хамгаалалттай газар нутгийн дарга Д.Чинбатад Ховд аймгийн Манхан сумын сурагчдад олгосон БОНХАЖ-ын сайдын нэрэмжит өргөмжлөлийг гардууллаа.

Мөн сургуулийнх нь номын санд 23 нэр төрлийн 2 хайрцаг ном, видео хичээл, яамны лого бүхий малгай, ханцуйгүй цамц гэх мэт бэлгийг албан ёсоор хүлээлгэн өгөв.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгт Манхан сумын “Бөхөн”, “Гүем” клубын 60 гаруй сурагч “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг өрнүүлж хоёр сарын хугацаанд 151 хавх цуглуулсан тухайгаа мэдэгдсэн захидал ирүүлсэн. Захидлын хариу болгож Н.Батцэрэг сайд тэдгээр сурагчдын үйл ажиллагааг дэмжиж энэ сарын 23-нд болох “Ирвэс хамгаалах” олон улсын өдрөөр “1 гишүүн 1 хавх ” аяныг орон даяар явуулж өгөх хүсэлт дээр хамтран ажиллахаа илэрхийлсний зэрэгцээ сурагчидтай утсаар холбогдож цаашид хэрэгжүүлэх ажлынх нь талаар ярилцахаар тохиролцсон юм.

Түүнчлэн салбарын сайд байгаль хамгаалагч хүүхдүүдэд БОНХАЖ-ын сайдын нэрэмжит өргөмжлөл, ирээдүйн байгаль хамгаалагч нарт зориулсан олон сонирхолтой гарын бэлгээр шагнахаар болсныг ийн гардуулав.

Б.Туул

 

Холбоотой мэдээ