Индонезид 100 мянган цэрэг, цагдаа терроризмтой тэмцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-24 19:54:48

ЖАКАРТА. /Antara/. Индонезийн Засгийн газар терроризмтой тэмцэх хүчин чармайлтын хүрээнд баасан гарагаас улс орон даяараа цагдаа болон цэргийн 100 мянган албан хаагчийг байрлуулж эхэлжээ. “Лалын улс” цэрэгжсэн бүлэглэлийг дэмжигчид террорист халдлагууд үйлдэхээр төлөвлөж байсныг саяхан олж илрүүлсэнтэй холбоотойгоор ийм арга хэмжээ авч байгаа аж.

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо өчигдөр ордондоо засгийн газрын сайд нар болон цэргийн дээд албан тушаалтнуудыг хүлээн авч уулзсан байна.

Ерөнхийлөгч Жоко хэлэхдээ “терроризмын аюул Индонезид хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна” гээд, террорист халдлагаас урьдчилан сэргийлэхийн тулд цагдаа нарт бүрэн дэмжлэг үзүүлэхийг армийнханд уриалжээ.

Зул сар болон Шинэ жилийн баярын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй газруудад, тухайлбал худалдааны төв болон сүмд аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах ажээ.

Жакарта хотын ойролцоо амиа золиослон дэлбэрэлт үйлдэхээр төлөвлөж байсан “Лалын улс”-ыг дэмжигч гурван этгээдийг энэ долоо хоногийн лхагва гарагт тус улсын цагдаа нар буудан устгажээ. Мөн тус хотод дэлбэрэлт үйлдэхээр төлөвлөж гурван этгээдийг энэ сарын 10-нд баривчилсан байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ