Ким Жөн Ун: Эдийн засгаа хөгжүүлэхийн сацуу цөмийн хүчээ бэхжүүлэх болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2016-12-24 13:26:19

ПХЕНЬЯН./TASS/. БНАСАУ урьдын адил эдийн засгаа хөгжүүлэхийн сацуу цөмийн тогтоон барих хүчин чадлаа цаашид бэхжүүлэх болно гэж Солонгосын Хөдөлмөрийн намын дарга Ким Жөн Ун мэдэгджээ. Тэрбээр баасан гарагт Пхеньянд эхэлсэн намын анхан шатны байгууллагуудын нарийн бичгийн дарга нарын улсын хэмжээний анхдугаар бага хуралд оролцон үг хэлсэн байна.

Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлагийн /KCNA/ мэдээлснийг үзвэл, Ким Жөн Ун бага хуралд оролцогчдод хандан дэлхийн улстөрийн нөхцөл байдлын талаар ярьсан байна. “Эдийн засгаа хөгжүүлэх, цөмийн хүчин чадлаа тоо болон чанарын хувьд бэхжүүлэх ажлыг зэрэг хийж буй БНАСАУ-ын стратегийн байр суурь зөв болохыг дэлхий дахинд бүрэлдэн бий болсон өнөөгийн нөхцөл байдал харуулж байна” гэж Ким Жөн Ун онцлон тэмдэглэснийг мэдээллийн KCNA агентлаг уламжиллаа.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “империалист харгис хүчний зүгээс хориг тавьж, шахалт үзүүлж байгаа хэдий ч улс орон маань амжилт олсоор байна” гэжээ.  

Аж үйлдвэр, хөдөө аж ахуй, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт гаргасан амжилтуудыг Умардын Солонгосын удирдагч онцлон дурдсан байна. Түүнээс гадна сүүлийн 60 жилд болоогүй асар хүчтэй үерт нэрвэгдсэн Хамгён-Пукто мужид дэд бүтцийг сэргээн босгох төсөл хэрэгжиж дууссан болохыг тэрбээр мэдэгджээ.  

KCNA агентлагийн мэдээлснээр, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооноос намын анхан шатны байгууллагуудын бага хурлыг зохион байгуулах шийдвэр гаргасан байна. Өмнө нь намын анхан шатны байгууллагуудын нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөн болдог байжээ.

Б.Адъяахүү

 

 

Холбоотой мэдээ