Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Цаг уурын автомат ажиглалтын нөөц системийг суурилуулах ажил 2026 оны 8 дугаар сараас эхлэн 10 дугаар сарын 2-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудлын хөөрч буух зурвас дээр ашиглалтад оруулжээ.
Дэлхийн Цаг Уурын Байгууллага, БНСУ-ын Цаг уурын байгууллага хамтран Монгол Улсын нислэгийн цаг уурын үйлчилгээг сайжруулах, орчин үеийн түвшинд хүргэх техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд 250 мянган ам.долларын өртөг бүхий цаг уурын автомат ажиглалтын нөөц системийг суурилуулжээ.
ДЦУБ-аас зарласан сонгон шалгаруулалтад “Campbell Scientific Limited” компани шалгарч, хөөрч буух зурвасын R11, R29 талд иж бүрдлийг суурилуулсан байна. Эдгээрээс салхины зүг, хурдны ультрасоник мэдрүүр, алсын барааны харагдац, RVR, цаг агаарын үзэгдэл тодорхойлогч (гэрлийн мэдрүүр болон агаарын температур бусад мэдрүүртэй хосолж цаг агаарын үзэгдлийг тодорхойлдог), GPS-цаг тохируулагч зэрэг нь манай улсын цаг уурын улсын сүлжээнд шинээр нэвтэрч буй дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжүүд юм.

