Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх удаа дартсын Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.
Дэлхийн дартсын холбооны Ази, Номхон далайн орнуудын цомын аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээнд Монгол, БНСУ, Япон, Тайланд, Хятадын Тайвань, Шинэ Зеланд, Австрали гэсэн долоон орны 120 гаруй тамирчин цэц мэргэн, мэдрэмжээ сорин өрсөлдөж байна. Энэхүү тэмцээнд Тайландаас бусад нь бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа аж. Харин тайландчууд зөвхөн эрэгтэй багаа илгээжээ. Тэмцээнд нийт 11 төрөлд дөрвөн цомын төлөө өрсөлдөж байна.
Энэ талаар тус тэмцээний ерөнхий шүүгч Ж.Бат-Эрдэнэ ярихдаа, “Тэмцээнд Япон, Австрали, Шинэ Зеландаас хүчтэй баг тамирчид ирсэн. Ази, Номхон далайн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй, эмэгтэй, өсвөрийн охид, хөвгүүдийн багийн төрөлд тус бүр цом гардуулах юм. Ази, Номхон далайн орнуудын цомын аварга шалгаруулах тэмцээн учраас маш өндөр чансаатай тамирчид оролцож байна. Ялангуяа Японы тамирчид өндөр түвшнийх. Ази тивд Дэлхийн дартсын холбооны тэмцээнээс гадна мэргэжлийн дартсын корпорацын тэмцээнүүд зохион байгуулдаг. Японы багийн бүрэлдэхүүнд эдгээр мэргэжлийн тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн тамирчид багтсан. Мөн Австрали, Шинэ Зеландын багийг онцлох нь зөв байх. Ази, Номхон далайн орнуудын цомын тэмцээнийг өмнө нь 20 удаа зохион байгуулахад дээрх хоёр орны эрэгтэйчүүд нийлбэр дүнгээр цом өргөсөөр ирсэн. Харин 2024 онд Монгол Улс анх удаа эрэгтэй багийн нийлбэр дүнгээр түрүүлж, цомыг өөрийн болгосон. Тиймээс энэ жил манай эрэгтэй багийн хувьд өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж, өөрсдийн хүртсэн цомыг эх орондоо хамгаалах зорилготой. Ази, Номхон далайн орнуудын цомын АШТ нь өөрөө Дэлхийн дартсын холбооны томоохон мажор тэмцээний нэг. Товчхондоо бол Дэлхийн дартсын холбооноос зохион байгуулдаг тэмцээнээс чансаагаараа гуравт эрэмбэлэгдэнэ гэсэн үг. Энэ тэмцээний гол ач холбогдол нь Ази, Номхон далайн орнуудын цомын аварга гэсэн нэр, цолыг хүртэж байгаа явдал юм ” гэв.
Тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд М.Алтантүлхүүр, Г.Алтангэрэл, Л.Ганзориг, Б.Баярсайхан, эмэгтэйчүүдэд Ц.Амгалан, Б.Хулан, А.Цолмон, Б.Энэржин, өсвөрт Х.Тэргэл, М.Тэлмэн, Ц.Өнөрчимэг, П.Энхцэцэг, Ж.Батболд, Г.Анужин, Ц.Түвшинбаяр, Б.Будбаяр, Д.Санчир нар өрсөлдөж байна. Монголын багийн менежерээр Монголын сонгодог дартсын холбооны ерөнхийлөгч Б.Биндэрьяа, ерөнхий дасгалжуулагчаар С.Энхболд, өсвөрийн дасгалжуулагчаар Г.Болорсүх нар ажиллаж байгаа юм.
Харин Японоос мэргэжлийн дартсын корпорацын ДАШТ-д оролцох эрхээ авсан Рюү Тарихара, Азийн цуврал тэмцээнд зургаан удаа түрүүлсэн Ривзи Айзимата, эмэгтэйчүүдээс Дэлхийн дартсын холбооны алтан зэрэглэлийн тэмцээн “Still Open”-ий аварга, бүс нутгийн чансаагаар дэлхийд тэргүүлэгч Маимо Өүчи, 2025 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Шинэ Зеландын Николь Бригноу зэрэг өндөр чансаатай тамирчин оролцож байгаа юм.


















Гэрэл зургуудыг Г.Мөнх-Од