Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Баавгай хүн рүү халдсан асуудлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэл хийв.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35-р хорооны нутаг дэвсгэр Улиастайн ам орчимд баавгай хүний аминд хүрсэн хэрэг явдал гарсан. 2026 оны аравдугаар сарын 7-8-нд шилжих шөнийн 01:00 цагт Шуурхай удирдлагын төвийн 31-0005 дугаарын утсанд дуудлага ирүүлснийг Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн баг, Нийслэлийн онцгой байдлын баг хүлээн авч тухайн байршилд очиж ажиллажээ. Улмаар өнөөдөр үүрийн 04:00 цагт БЗД-ийн онцгой байдлын комисс хуралдаж, бэлэн байдлыг хангах, баавгайн тандалт тоо хэмжээг тогтоох, үргээх, зэрлэг амьтны халдлагаас урьдчилан сэргийлэх ажлын тухай хэлэлцсэн байна.
Улаанбаатар хотын ногоон бүсэд 2018 онд хоёр, 2019 онд нэг дуудлага мэдээлэл бүртгэгдэж байжээ. Харин энэ онд 28 удаа бүртгэгдсэнээс 24 нь бодит байсныг албаныхан хэллээ. БОУАӨЯ-наас цагдаагийн байгууллагатай хамтран өнөөдрөөс ганцаараа явж байгаа бамбарууш эсвэл төлөө дагуулсан эм баавгайнаас бусдыг аюулгүй болгох ажлыг эхлүүлснээ мэдэгдлээ. Суурьшлын бүсэд баавгай орж ирсэн дуудлага мэдээлэл өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 754 бүртгэгдсэн. Үүнээс Архангай 7, Баян-Өлгий 2, Булган 18, Дархан-Уул 110, Завхан 30, Хөвсгөл 65, Увс 10, Дорнод 13, Хэнтий 209, Төв 20, Сэлэнгэ 86 зэрэг 11 аймаг, нийслэлд 24, бусад нь Тусгай хамгаалалттай бүс нутагт аж. Нийт тохиолдлын 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгай байсныг тогтоожээ.
Амьтны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу Байгалийн тэнцлийг хангах, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор иргэн хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлэн Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Төв, Завхан аймаг болон нийслэлд тус бүр гурав, Хэнтийд 6, нийт 27 хүрэн баавгайг цагдаагийн хяналт дор эрсдэлтэй нөхцөлд тоо толгойг зохицуулах зөвшөөрөл олгосон байна. Энэ дагуу одоогоор зургаан баавгай агнажээ.
Түүнчлэн Засгийн газрын тогтоолоор 1.8 тэрбум төгрөгийг баавгайн халдлагаас хамгаалах ажилд зарцуулах бөгөөд булчин сулруулах унтуулгатай буу, барих тор, орон нутаг дахь тусгай хамгаалалттай газруудын тээврийн хэрэгслийн шатахуунд зарцуулахаар болжээ.
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн мэдээлснээр шөнийн 01:00 цагийн үед “Баавгайд бариулсан” гэх оноштой өвчтөний биеийн байдал хүнд байгаа бөгөөд яаралтай мэс засал хийжээ. Гэмтлийн хувьд толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовуурьтай ирсэн байна.