Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Франц Улсад сүүлийн өдрүүдэд ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагчид, их сургуулийн оюутнуудын оролцсон жагсаал өргөжин, зарим хотод жагсагчид болон хууль сахиулах байгууллагынхны хооронд мөргөлдөөн гарч, гал түймэр, эд хөрөнгө эвдэн сүйтгэж байна.
Энэ сарын 5-ны байдлаар тус улсын 400-500 орчим лицейд хичээлийг бүрэн болон хэсэгчлэн зогсоож, Парис, Лион, Лилль, Тулуз, Бордо, Нант, Страсбург, Марсель, Ренн, Руан зэрэг хотод хөдөлгөөн үргэлжилж буй юм. Үүнтэй холбогдуулан Франц Улсад оршин суугаа болон тус улсад зорчиж буй манай улсын иргэд жагсаал цуглаан болж байгаа газар болон сургуулийн орчим, цагдаагийн ажиллагаа явуулж буй хэсэг рүү зорчилгүй, олон хүн цугласан хэсгээс зай барих, ялангуяа лицей, их сургуулийн хотхон болон жагсаалын маршрутаар зорчихдоо анхаарал болгоомжтой байх, орон нутгийн захиргаанаас тогтоосон хөдөлгөөний хязгаарлалтыг чанд мөрдөх, зорчихын өмнө тухайн хотын нийтийн тээврийн албан ёсны мэдээллийг шалгах, мөргөлдөөнтэй газар санамсаргүй орсон тохиолдолд тухайн газраас тайван замаар нэн даруй холдох, онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Францын цагдаагийн 17, Европын яаралтай тусламжийн 112 дугаарт хандахыг зөвлөж байна.
Мөн монгол оюутнууд суралцаж буй их, дээд сургуулийн албан ёсны цахим шуудан, ENT/student portal болон сургуулийн удирдлагын мэдээллийг тогтмол шалгаж, жагсаал болж буй үед тухайн газраар зорчихгүй байхыг анхааруулж байна гэж Парис дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдээллээ. Шаардлагатай тохиолдолд Элчин сайдын яамны консулын +33 (0)1 80 87 37 23, шуурхай +33 (0)7 81 22 52 70 дугаарт холбогдохыг зөвлөв.