Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сангийн яам төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналт, хөрөнгийн ашиглалтыг зохицуулахаар Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн бариад байна.
Хуулийн төслийн шаардлагын хувьд хэдхэн тоо дурдвал, 2016–2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баталсан 2,874 төслийн 42.5 хувь буюу 1,219 төслийн төсөвт өртөг нэмэгдэж, гурван төсөл тутмын нэгийн хэрэгжих хугацааг сунгажээ. Зураг төслийг өөрчлөх, санхүүжилтийн эх үүсвэр давхцах, барилгыг ашиглалтад оруулсан ч тоног төхөөрөмж, ашиглалтын зардлыг шийдэхгүй асуудал түгээмэл байгааг Сангий яам мэдээлэв.
Хуулийн төсөлд эдгээр асуудлыг төлөвлөлтийн шатнаас шийдэж, хөрөнгө оруулалтыг хэрэгцээ, нийгэм, эдийн засгийн үр өгөөжид үндэслэн сонгох, баталсан төсөвт өртөг, хугацаанд нь хэрэгжүүлэх зохицуулалтыг тусгасан байна.
Ингэхдээ улс, орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сан, гадаад зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтыг хөгжлийн бодлоготой уялдуулж, эх үүсвэр бүрийн зориулалт, хамрах хүрээг тодорхой болгоно. Мөн төслийг төсөвт өртөг, хэрэгжих хугацаагаар нь жижиг, дунд, том, хөгжлийн болон мега гэж ангилан, бэлтгэл, техник, эдийн засгийн үндэслэл, үр ашиг, эрсдэлийн үнэлгээнд тавих шаардлагыг ялгаатай тогтоох аж. Төслийн саналыг орон нутгийн хэрэгцээ, бүс нутгийн ач холбогдол, салбарын бодлого, төсвийн боломжтой уялдуулан шат дараатай үнэлж, эрэмбэлнэ. Санхүүжилт хуваарилахдаа он дамжин хэрэгжиж буй төслийг дуусгах, их засвар, засвар арчлалт хийх, шинэ хөрөнгө оруулалтыг эхлүүлэх дарааллыг баримтална. Шаардлагатай зураг төсөл, төсөв, ТЭЗҮ бүрдээгүй төслийг төсөвт тусгахыг хязгаарлаж, тоног төхөөрөмж, ашиглалтын зардлыг урьдчилан тооцож төлөвлөхөөр зохицуулжээ.
Төслийг төсөвт өртөгт багтаан хэрэгжүүлж, төлөвлөлтийн алдаа, зураг төсөл, төсвийн дутуу тооцоо, захиалагч, гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг төсөвт өртөг нэмэх үндэслэл болгохгүй. Зайлшгүй өөрчлөлтийг аудит, шинжээчийн дүгнэлтээр шийдэх юм. Төслийг ашиглалтад оруулснаар бий болсон хөрөнгийг өмчид бүртгэх, ашиглалт, засвар үйлчилгээ, урт хугацааны зардал, үр өгөөжийг тооцох тогтолцоо бүрдэх юм. Хуулийн төслийг боловсруулахдаа төр, олон улс, мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагын саналыг тусгажээ.