Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, лабораторийн чадавх болон улсын нөөцийн тогтолцооны шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.
Шадар сайд Улсын онцгой комисс асуудал үүссэний дараа арга хэмжээ авдаг бус, эрсдэлийг урьдчилан тооцож, шаардлагатай нөөц, техник, хүний нөөцийг бэлэн байлгадаг тогтолцоонд шилжих шаардлагатайг онцлов. Сүүлийн үед SAT-1 шүлхийтэй холбоотой вакцин худалдан авах, шийдвэр гаргах ажиллагаанд хугацаа их зарцуулсан нь цаашид шуурхай шийдвэрлэх эрх зүйн болон зохион байгуулалтын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг онцоллоо. Мөн ямааны годрон өвчний улмаас 16 өрхийн 6296 ямааг устгалд оруулж байгаа бөгөөд вакцин худалдан авахад 1.6 тэрбум төгрөг шаардлагатайг хэллээ. Цаашид шаардлагатай вакциныг шуурхай авах, дотооддоо үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Биокомбинатын хүний нөөц, үйлдвэрлэлийн чадавхыг газар дээр нь судалж, шаардлагатай арга хэмжээ авахаар ажиллаж байгаагаа дурдав.
Шадар сайд Н.Номтойбаяр “Малын өвчинтэй тэмцэх асуудал нь зөвхөн малын асуудал биш. Хүнсний хангамж, махны нөөц, иргэдийн эрүүл мэнд, эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой. Бодит тоо, бодит мэдээлэлд суурилж байж төрийн бодлого, эдийн засгийн төлөвлөлт зөв болно. Тиймээс лаборатори, малын тоо бүртгэл, хяналт шалгалтын тогтолцоог бүхэлд нь шинэчлэх шаардлагатай. ОХУ-тай хил залгаа улс орнуудын авч хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээг Монгол Улс мөн адил хэрэгжүүлж байна. Лабораториудын техник, тоног төхөөрөмжийн чадавх хангалтгүй байгаа асуудлыг газар дээр нь ажиллаж, бодит нөхцөл байдалд үндэслэн шийдвэрлэнэ. Хятадын цо байцаанд хорт хавдар үүсгэгч бодис байгаа эсэхийг илрүүлэх орчин үеийн тоног төхөөрөмж Монгол Улсад одоогоор байхгүй. Ийм тоног төхөөрөмжтэй болохын төлөө ажиллана. Шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломжит хувилбаруудыг боловсруулсан. Мөн лабораторийн техник, тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавхад улсын хэмжээнд үнэлгээ хийж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр ажиллаж байна” хэмээн ярьсан юм.
Тэрбээр Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. 2007 оноос хойш мөрдөж буй хуульд нийт зохицуулалтын 40 хувь орчим буюу 42 зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж, улсын нөөцийн тогтолцоог эдийн засгийн үр ашиг, шуурхай шийдвэр гаргалт, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан шинэчлэхээр тусгажээ. Хуулийн төсөл баталснаар стратегийн ач холбогдол бүхий хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, эргэлт, хяналт, санхүүжилтийг боловсронгуй болгож, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, мөн бензин, дизель түлш, онгоцны түлш зэрэг стратегийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлт, хадгалалт, эргэлтийг илүү үр ашигтай зохион байгуулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзсэн байна. Ингэснээр гамшиг, халдварт өвчин болон хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг үүссэний дараа арилгах бус, урьдчилан тооцож, бэлэн байдлыг хангах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэх аж.