Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун жигүүрт “Рио Тинто Монгол” компани 10.2 га талбайд Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, нийслэлд албан ёсоор өчигдөр хүлээлгэн өглөө.
2024 онд нээлтээ хийсэн тус цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг хоёр жилийн хугацаанд “Рио Тинто Монгол” хариуцаж байсан юм. Тус компани энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд задгай театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч болон өөрийгөө нөхөн сэргээх чадвартай усалгааны бүрэн систем, цөөрөм зэргийг иж бүрэн тохижуулж, 40 мянган мод бут тарьж ургуулан, талбайг зүлэгжүүлжээ. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн оршин суугчдаас санал авч тусгаснаараа онцлогтой. Түүнчлэн олон улсын ногоон паркийн стандарт шаардлагуудыг хангаж, энэ салбарт хамгийн нэр хүндтэй “Green Flag Award” хүртсэн билээ.
Хотын дарга Б.Пүрэвдагва “2024 онд тус цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад оруулснас хойш “Рио Тинто Монгол” компани арчилгаа, хамгаалалт, үйлчилгээ, цэвэрлэгээг нь хариуцаж ирсэн. Ингээд гэрээний дагуу ирэх сарын 1-нээс Улаанбаатар хотын захиргаа цэцэрлэгт хүрээлэнг хариуцан ажиллахаар боллоо. Бид цаашид энэ паркийн одоогийн өнгө төрхийг алдагдуулалгүйгээр, үнэ цэнийг хадгалан арчилж, тордон хөгжүүлнэ. Энэ ногоон орон зайг бүтээн байгуулж, өнгөрсөн хугацаанд хариуцаж ирсэн “Рио Тинто Монгол” компанийн хамт олонд нийслэлийнхнийхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.
Тэрбээр хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдэд хүртээмжтэй орон зайг олноор бий болгохоо ярилаа. Тухайлбал, 42 байршилд ногоон байгууламж байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн 2027 онд “Рио Тинто Монгол” компанитай хамтран дунд хэмжээний цэцэрлэгт хүрээлэнг гэр хорооллын бүсэд хоёр байршилд байгуулах ажээ.



