Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. УИХ-ын Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлгийг Кристина Ноблийн Хүүхдийн сантай хамтран энэ сарын 2-нд зохион байгууллаа.
Шударга ёсны тогтолцоог хүүхэд төвтэй болгоход байгууллагуудын хамтын ажиллагаа чухал гэдгийг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал онцолсон. Тэрбээр Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулж байгаатай холбогдуулан парламентаас Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль баталсан. Энэхүү хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг баталгаажуулсан нь ач холбогдолтойг тэмдэглэв. Түүнчлэн УИХ-аас хууль батлаад орхих бус хуулийн хэрэгжилтийг хангуулахад анхаарч, бүх шатны байгууллагуудын хамтын ажиллагаа нэн шаардлагатай хэмээв. Хэлэлцүүлгийн үеэр Хүний эрхийн дэд хорооны хяналт шинжилгээний матрицыг танилцууллаа.
Мөн анх удаа хуулийн хэрэгжилтийг хянах байнгын Ажлын хэсгийг Улсын дээд шүүхийн дэргэд байгуулсан. Тус Ажлын хэсэг нь төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын уялдаа холбоог хараат бус, тогтвортой хангаж ажиллах учиртайг сануулсан.
Түүнчлэн өсвөр насны хүний хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн шинэчлэл, шинэ зохицуулалт, салбар хоорондын уялдаа, зохицуулалт, бодлогын асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яамны нийтийн эрх зүйн хэлтсийн дарга Д.Энхтөр, хүүхдийн бодит нөхцөл, нийгэмшлийн талаар Кристина Ноблийн Хүүхдийн сангийн захирал Б.Амаржаргал мэдээлэл өгөв.
Хүүхэд хамгаалал, гэр бүлийн дэмжлэгийн тухай Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас, хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцооны хяналт ба хариуцлага, хууль зүйн туслалцаа, хараат бус хяналт, тулгамдаж буй асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан илтгэл тавилаа.
Хэлэлцүүлгийн үр дүнд "Хуулиас хэрэгжилт рүү: 2026-2027 оны нэн тэргүүний арга хэмжээ"-г тодорхойлж, байгууллага тус бүрийн хийх ажил, хамтын ажиллагааг хэлэлцэн тохиролцлоо гэж УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллэв.