Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ.
Үргэлжлүүлэн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хууль санаачлагчид “Ирэх оны төсөвт иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн ачааллыг бууруулах, хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжих эрхийг хангах, төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах, хүүхэд бүр чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлэхээр тусгасан” хэмээн хуулийн төслөө танилцууллаа.
Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга П.Бат-Эрдэнэ энэ тухайд, "2027 оны хоёрдугаар улирлаас төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалинг 20 хувиар, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг 10 хувиар нэмэхээр зардлыг 2027 оны төсвийн төсөлд тусгасан. Учир нь 2026 оны төсвийн тодотголоор боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан болон бусад төрийн үйлчилгээний албан хаагчдын нэмэгдүүлэхээр тусгасантай холбоотой. Түүнчлэн ахмадуудын тэтгэвэр, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 2027 оны нэгдүгээр сарын нэгнээс 10 хувиар нэмэхээр тусгасан гэлээ. Түүнчлэн орон сууцны санхүүжилтийн шинэ эх үүсвэр нээж ипотекийн зээлийг илүү олон өрхөд хүргэх, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг бууруулах, эрчим хүчний үйлдвэрлэл, цахилгаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж экспортыг төрөлжүүлэх, төрийн өмчийн удирдлага, үр ашгийг сайжруулж эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд төсвийн бодлогоо чиглүүлжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн юм. Ингээд байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.