Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улс ой, био эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтийг бодит төсөл, хөтөлбөрт чиглүүлэх чиглэлээр Европын Холбоотой хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ.
БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзаж энэ талаар санал солилцсоныг БОУАӨЯ мэдээлэв.
Талууд монголын ой, хөдөө аж ахуйн салбарын боломжит санхүүжилтийн талаар СОР17-гийн үеэр Монгол Улсын Засгийн газар, Европын Хөрөнгө оруулалтын банк хооронд байгуулсан харилцан ойлголцлын захидалд гарын үсэг зурсан нь өнгөрсөн хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах чухал алхам болсныг онцоллоо.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд боловсруулсан био эдийн засгийн судалгааны эцсийн хувилбарыг Монголын тал албан ёсоор хүлээн авлаа. Судалгаа нь монголын ой, хөдөө аж ахуй, мод боловсруулах салбарын хөрөнгө оруулалтыг хооронд нь уялдуулах, Европын хөрөнгө оруулалтын банкны боломжит санхүүжилтийг бодит төсөл, хөтөлбөр болгон хэрэгжүүлэхэд ач холбогдолтой юм. Судалгаагаар ойн тогтвортой менежмент, мод боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын боломж, био эдийн засгийг Монгол Улсын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын төлөвлөлттэй хэрхэн уялдуулахыг тодорхойлжээ.