Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2026 оны А/488 дугаар захирамжийн дагуу МУИС-ийн харьяа Дорнод аймаг дахь Ерөнхий боловсролын ахлах сургууль 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн “Төрөлжсөн ахлах сургууль”-ийн бүтцээр сургалт, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр, тус сургууль сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сургуулийн дүрэм болон холбогдох таван журмаа шинэчлэн баталж, математик, физик, англи хэл, хятад хэл, солонгос хэлний төрөлжсөн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн МУИС-ийн Бизнесийн удирдлагын сургууль, Хүмүүнлэгийн ухааны сургууль, Инженер технологийн сургуульд элсэх босго онооны шаардлага хангасан суралцагчдыг шууд элсүүлэх журмыг шинэчлэн, их сургуулийн хөтөлбөртэй уялдуулан дүйцүүлэлт хийж баталгаажуулжээ.
2026-2027 оны хичээлийн жилд тус сургууль долоон бүлэгт нийт 150 суралцагчийн багтаамжтай үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн төвийн сургуулиудаас гадна сумдаас болон Улаанбаатар, Сүхбаатар, Дорноговь, Ховд аймгаас нийт 23 суралцагч шилжин ирж, 10, 11 дүгээр ангид нийт 74 суралцагч шинээр элссэн байна.
Сургалтын орчин, нөхцөлийг сайжруулах хүрээнд сургуулийн хамт олон өөрсдийн хөрөнгөөр дээврийн засвар, дотор засал, цахилгаан болон ариун цэврийн өрөөний хэсэгчилсэн урсгал засвар хийж, анги танхимуудаа гүйдэг самбар, хөшиг, локер болон шаардлагатай сурах бичгээр шинээр тохижуулжээ.
Цаашид 2027 оны орон нутгийн төсвийн саналд хичээлийн байрны барилгын их засвар болон мэдээллийн технологийн лабораторийн хөрөнгө оруулалтыг тусгуулахаар ажиллаж байна.