Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр энэ оны есдүгээр сарын 30-нд Юта мужид суух Өргөмжит консулаар томилогдсон Рэймонд Ричард Прайст патент, Өргөмжит консулын тамгыг гардуулав.
Уулзалтын үеэр Элчин сайд Ө.Батбаяр шинээр томилогдсон Өргөмжит консулд Монгол, Америкийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлал, боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсыг Юта мужид сурталчлан таниулах, тус мужид оршин суугаа манай улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд дэмжлэг үзүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахыг онцлон тэмдэглэв.
Монгол Улсаас хилийн чанадад суугаа Өргөмжит консул нь дипломат албаны орон тооны ажилтан биш бөгөөд тухайн улсад байнга оршин суудаг, хариуцсан тойрогтоо бизнес, нийгэм, олон нийтэд нэр хүнд бүхий иргэнийг томилдог. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас санхүүгийн дэмжлэг авалгүйгээр сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулдаг.
Өргөмжит консул нь Монгол Улсыг тухайн бүс нутагт төлөөлөхөөс гадна хариуцсан нутаг дэвсгэрт оршин суугаа монгол иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, шаардлагатай тохиолдолд ЭСЯ-тай холбох, онцгой нөхцөл байдал үүссэн үед дэмжлэг үзүүлэх зэрэг консулын туслалцаа үзүүлдэг. Мөн хоёр улсын бизнесийн байгууллагуудыг холбох, хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэх, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёл, боловсрол, спортын арга хэмжээг дэмжин зохион байгуулах зэрэг чиглэлээр ажилладаг гэж тус улсад суугаа ЭСЯ мэдээлэв.
