Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотод өчигдөр эхэллээ.
Энэ удаагийн ДАШТ-д 93 орны 622 жүдоч зодоглож байгаагаас манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 18 тамирчин өрсөлдөж байгаа юм. Эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан өчигдөр болоход манай улсаас Б.Сүхбат, Т.Түмэнжаргал, Ж.Анударь, Б.Баасанхүү нар дэвжээнд гарав. Тэднээс 2024 оны дэлхийн аварга Б.Баасанхүү хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарлаа. Тэрбээр Казахстаны Гальяа Тинбаейва, АНУ-ын Мариа Селиа Лаборде, Германы бөх Сара Ишт нарыг ялж, хэсгийн аварга болсон. Улмаар шөвгийн дөрөвт Японы бөх Кога Вакана, хүрлийн төлөө Францын Ширин Боуклид тус тус ялагдсанаар тавдугаар байр эзэлжээ. Б.Баасанхүүгийн хувьд Ширин Боуклитай өмнө нь нэг удаа таарч барилдаад ялагдаж байжээ. Тэрбээр 2024 оны Парисын олимпоос мөнгөн медаль авсны дараа их спортоос түр завсарлаж, энэ жил дэвжээндээ дахин гарч байгаа юм.
Тэгвэл 48 кг-ын жинд Ж.Анударь хоёрдугаар тойрогт Бразилын Кларис Ребейрод, 60 кг-д Б.Сүхбат эхний барилдаандаа Украины Артем Лисиукт ялагдсан бол Т.Түмэнжаргал эхлээд Узбекистаны Бахром Ботуровыг ялсан ч шөвгийн 32-т энэ жингийн шинэхэн аваргаар тодорсон эзэн орны бөх Ахмад Юсифовт дийлдсэнээр тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан өнөөдөр болно. Манай улсаас 66 кг-д Ё.Басхүү, Ө.Бямбасүрэн, 52 кг-д Б.Уранзаяа, М.Нандин-Эрдэнэ нар дэвжээнд гарах юм. Түүнчлэн Б.Хорлоодой, Б.Нармандах нар АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдана. Тэмцээний хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 14:00, финал 22:00 цагт эхлэх бөгөөд барилдааныг С1 телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр Монгол орон даяар шууд дамжуулна.
Ташрамд дурдахад, Баку хотод одоогоос найман жилийн өмнө жүдо бөхийн ДАШТ-ийг зохион байгуулахад манай улсаас эмэгтэйчүүдийн 57 кг-д хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн -100 кг-д гавьяат тамирчин Л.Отгонбаатар, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар хүрэл медаль хүртэж, дөрвөн бөх шагналт байрт шалгарч байсан юм.



