Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Японы Айчи мужийн Нагояа хотод Азийн зуны спортын XX наадам “Imagine One Asia” уриан дор 16 хоногийн турш өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Шар тивийн 45 Үндэсний олимпын хорооны 11 мянга гаруй тамирчин 43 спортын 71 төрөлд 469 багц медалийн төлөө өрсөлдсөн бөгөөд энэ удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн 30 спортын төрөлд 300 орчим тамирчин оролцон нэг алт, нэг мөнгө, 13 хүрэл, нийт 15 медаль хүртсэн амжилтаар 45 орноос 27 дугаар байрт жагсав. Тодруулбал, чөлөөт бөх, сонгомол бөх, жүдо бөх, дугуй, бокс, жюү жицү, цахим спорт гэсэн төрлөөр медаль хүртжээ. Медаль хүртсэн долоон төрлийн дөрөв нь бөхийнх.
Жүдочид медалийн гол цөмийг бүрдүүлсэн бол сонгомол бөхөөр 52 жилийн дараа Азийн наадмын медальтан төрсөн нь олзуурхмаар амжилт байв. Жүдо бөхийн тамирчид 2014 оноос хойш Азийн наадмаас алт аваагүй байсан бараан амжилтдаа цэг тавьсан бөгөөд Монгол Улсын төрийн дууллыг цор ганц удаа эгшиглүүлсэн тамирчин нь жүдо бөхийн 66 кг-д зодоглосон К.Ёолк байлаа. Багийн спортоор эмэгтэй сагсчид 2014 оны Инчеоны наадамд шөвгийн наймд шалгарсан амжилтаа 12 жилийн дараа давтжээ. Ийнхүү дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Азийн олимп хөшгөө хаав.
Дөрвөн жилийн дараа болох Азийн зуны спортын 21 дэх удаагийн наадмын Катарын Доха хотод 2030 онд зохион байгуулна. Тэд 2006 оноос хойш 24 жилийн дараа эх орондоо дахин Азийн наадмыг хүлээн авахаар болсон нь энэ.
Ташрамд дурдахад, 2023 оны Ханжоугийн Азийн наадмаар Монгол Улс хоёр алт, таван мөнгө, 13 хүрэл, нийт 20 медалиар 45 орноос 23 дугаар байр эзэлсэн. Харин 2018 оны Жакартагийн Азийн наадмаар таван алт, найман мөнгө, 11 хүрэл, нийт 24 медаль авч 45 орноос 17 дугаар байрт жагсаж байсан билээ. Тэгвэл 2014 оны Инчоны наадамд таавн алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл, нийт 21 медальтай 16 дугаарт эрэмбэлэгдэж байв.
