Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. -Уулсаа тайж тахих төрийн ёсон хэрхэн, ямар дэгээр өрнөдөг вэ?-
2026 оны наймдугаар сарын 21. Энэ өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17 тав дахь өдрөө үргэлжилж, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хадгалалт хамгаалалт, цөлжилт, газрын доройтол, усны хомсдол, ногоон санхүүжилт, ойн нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх гэх мэт олон асуудлаар тал талд хэлэлцүүлгүүд өрнүүлж, гарц шийдэл хайж байв.
Манай оронд наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд үргэлжлэх НҮБ-ын мандаттай тус бага хурлын ажил хэрэгч нэгэн өдөр ийн түм түжигнэж, бум бужигнаж байхуй дор Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг дахь Хар Зүрх хайрхны тэнгэрийг тайж тахих анхны ёслол Хар Зүрхний Хөх нуурын өмнөд эрэгт тусгайлан бэлтгэсэн талбайд эхэлж байлаа.
Уул усаа тахих ёсон бол монголчуудын байгаль дэлхийгээ үеийн үед хайрлан хамгаалж ирсэн нандин уламжлалын нэг. Монголчууд мянга мянган жилийн туршид уул, овооны тахилгаар дамжуулан эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа, үүрэг, хариуцлагыг үр хойчдоо өвлүүлж, өнөөдрийг хүрсэн. Энэ агуулгаараа СОР17 хурлаар олон улсын төлөөлөгчид байгаль орчноо хэрхэн хамгаалж, хойч үедээ үлдээх вэ гэдэг асуудлыг хэлэлцэж байхтай зэрэгцээд уламжлалт уул овоогоо тахих ёслолоор дамжуулан байгаль, түүхийн нэгэн дурсгалт газраа хамгаалах ёслол болсон нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын агуулга, ач холбогдлыг улам тодотгосон хэрэг байв.
Хар Зүрх уул нь Хар Зүрхний Хөх нуур хэмээх нэрийн хамт монголчуудын түүх, уран зохиолын хосгүй дурсгал “Монголын нууц товчоо” судрын хуудаснаа Эзэн Богд Чингис хааны үйл амьдралтай холбоотойгоор удаа дараа тэмдэглэгдэж үлдсэн, түүхэн төдийгүй байгалийн үзэсгэлэнт онгон дагшин газар. Товчхон тодорхойлох юм бол, уг газар нь 1189 оны Шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хан болгож, Чингис хаан хэмээн өргөмжилсөн, эндээс эсгий туургатан Монгол үндэстний нэгдэж нягтарсан сэргэн мандалт эхэлж, Монголын эзэн гүрэн байгуулагдах эхлэл тавигдсан. Түүнчлэн тал нутгийн зонхилох овог Боржигоны Есүхэй баатрын хөвүүн Тэмүүжин бээр Чингис хаан хэмээх эрхэм алдрыг хүртэж, ертөнц даяар энэ нэр алдраа мөнхөлж, мянганы суут хүмүүн гэгдэж түүхэнд үлдэх эхлэл болсон нутаг.
Тийм ч учраас 1990-ээд оноос хойш түүхч, судлаачид болон орон нутгийн зүтгэлтнүүд энэхүү дурсгалт газрыг түүхэн ач холбогдлоор нь улсын тусгай хамгаалалтад авах, улмаар дархан цаазат газар болгохыг үе үеийн төр засгийн тэргүүнүүдэд уламжилж иржээ. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гал морин жилийн босгон дээр буюу 2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр 26 дугаар зарлиг гаргаж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Хар Зүрх уулыг төрийн тахилгатай болгосон юм.

Хар Зүрх хайрхны төрийн тахилгын ёслолыг анх удаа гүйцэтгэх эл өдөр нь монголын уламжлалт цаг тооллоор бол XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн намрын тэргүүн улаан бич сарын шинийн есөн, Шидийн барилдлагатай, Огторгуй суудалтай Улаан туулай өдөр байв.
Өмнөх өдрийн үдэш нь Долоон бурхан одны тахилгын ёслол болж, лам хуврагууд ном хурж, бөө нар ёс үйлдэж, туульчид “Аргил Цагаан өвгөн” тууль хайлжээ.
Гандантэгчинлэн хийд болон Хэнтий аймгийн лам хуврагууд тахилгын өглөө мөн л төрийн тахилгын удиртгал ном хур хурж, тахилгад оролцохоор иргэд олон нийт цугларангаа номын дуунаа даган баясав. Тэр зуур лавтайяа “Чингис хааны тахилгын судар” хэмээх номын нэрийг зарлаж уншлага хийв.

Дараа нь төрийн тахилгын хүндэт зочдын суудалд суух төр засгийн төлөөлөл болон улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, орон нутгийн иргэдийн төлөөллийг оруулав.
Өдрийн 11.00 цагт төрийн тахилгын ёслол талбайд байрлуулсан их тулган дахь галыг бадрааснаар эхэллээ. Тулганд гал бадраасны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэт харуулын цэргүүдийн хамт алхан орж ирэв. Тэрбээр талбайн хойморт очиж малгайгаа аван хүндэтгэл үзүүлээд тусгайлан зассан ширээний ард очиж зогсов.

Түүний араас Монгол Улсын төрийн хонжин, хурандаа Э.Билэгсайханаар удирдуулсан хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын алтан соёмбот Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Хэнтий аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг, Төрийн долоон эрдэнэ тэргүүтнийг тахилгын газрын хойморт ёслол төгөлдөр заллаа.

Ёслолд оролцохоор ирсэн Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам тэргүүтнүүд залрав.
Төрийн дуулал эгшиглэсний дараа хүндэт зочид суудалдаа сууж, сүсэгтэн олон ёслол хэрхэн үргэлжлэхийг хүлээв.

Ёслолыг нээж, хүндэтгэлийн үгийг Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь хэлэв. Тэрбээр, энэхүү Хар Зүрх уул, Хөх нуурын орчим нутаг нь Их эзэн Чингис хааны алдар нэрээ анх дуурсгасан газар гэдгийг тодотгоод Хамаг Монголын ханлиг чухамхүү энэхүү газар нэгэн төрийн жолоо дор нэгдэж, хожмоо Их Монгол Улс болон өргөжин тэлэх эхлэлийг тавьсан юм. Тийм ч учраас Хамаг монголчуудын шүтээн нь Хар Зүрх хайрхан байсаар ирсэн, энэ удаагийн төрийн тахилгын ёслол үүний учгийг улам бэхэлсэн бэлгэдэлт үйл явдал болж байна хэмээлээ.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэтгэлийн үг хэлэхдээ, байгалийн унаган төрхийг хадгалах, экосистемийг хамгаалахад монголчуудын уул овооны тахилга өндөр ач холбогдолтой байж ирсэн. Тиймээс ЮНЕСКО-гоос “Уул овоо тахих монгол зан үйл”-ийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв хэмээн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн байдгийг онцоллоо.
Мөн тэрбээр, Их эзэн Чингис хааны суу алдрыг мөнхжүүлж, Их Монгол Улсын бахдам түүх, баатарлаг гавьяаг алдаршуулах, Хар Зүрх уулын унаган төрх, түүх, соёлын дурсгалыг хадгалан хамгаалах, үндэсний үнэт зүйлсийг бататган бэхжүүлэх зорилгоор Хар Зүрх уулыг төрийн тахилгатай болгосон хэмээгээд Хар Зүрх хайрхан бол монголчуудын төрт ёсны ариун гал голомт, Их Эзэн Чингис хааныг Хамаг Монголын ханд өргөмжилж, “Чингис хаан” хэмээх алдар нэрийг ертөнц дахинаа анхлан дуурьсгасан хайрхан. Энэ хайрхан уулын цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл юм гэв.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтын асуудлыг хэлэлцдэг СОР17 хурал манай орноо хуралдаж байгаатай монголчуудын уул, овооны тахилгаар дамжуулан улсын үндэс болсон газар нутгаа тамгалан тогтоож, өв соёл, үүх түүх, зан заншлаа ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулдаг өргөн агуулга, өндөр ач холбогдолтой энэхүү тайлга тахилгын зан үйл давхцаж байгааг тодотгов.

Эцэст нь тэрбээр Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг мөн гэдгийг сануулаад,
Үүний дараа туульч Э.Баатаржав цуурын эгшиг аялгуулуулж, “Эзэн Чингисийн магтаал” тууль хайлав.

Залгуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Хар Зүрх уулын тэнгэрт хандсан Ерөнхийлөгчийн айлтгалыг уншиж сонордуулан, айлтгалын торгон дээрх бичгийг Хэнтий аймгийн музейд үүрд хадгалуулахаар Засаг дарга Д.Аюурбуньд гардуулав. Мөн айлтгалын цаасан дээрх эх хувийг Хар Зүрх хайрхны эзэн савдаг хүргэхээр их тулган дахь галд өргөж хурайллаа.


Энэхүү ёслолын үеэр Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Жавзандорж тэргүүтэй лам, хуврагууд уул усны эзэд, лус савдгийг аргадан тахил өргөж, сав шимийн ерөөл, сангууд уншиж айлтгалаа.
Лам хуврагууд номын айлтгал өргөж байх зуур Монгол Улсын Ерөнхийлөгч тахилгын идээ шүүсийг таллан хөндөж, дээжийг хайрханд өргөх ёслол үйлдэв. Мөн тахилгад оролцогсод идээ будааг хайрханд өргөж, лам хуврагууд даллага авахуулах ном хурлаа.


Даллагын ном хурах зуур Ерөнхийлөгч бэлтгэж ирсэн даллагын хишгээс тахилгад оролцохоор хуран цугларсан олонд хүртээв.
Үүний дараа Ерөнхийлөгч бээр Хар Зүрх хайрханд зориулсан айлтгал бүхий дуут сумыг тэнгэрт илгээлгүүлэхээр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, үндэсний сурын Сумын мэргэн Ж.Эрхэмбаярт гардуулан өгч, харваач дуут сумыг тэнгэрт илгээх ёслол хийлээ.

Залгуулан лам хуврагууд морины сэтэр уншиж, энэ зуур Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэнхэрмандал сумын харьяат, мянгат малчин Г.Дэмчигсүрэнгийн унаган адуу бор азаргыг сэтэрлэн тавив. Сэтэр зүүсэн бор азарга Хөх нуурын эргээр баруун зүгт тайван шогшиж одлоо. Энэхүү сэтэрт хүлэг ийнхүү тэнгэрийн хүлэг болж дахин уналга эдэлгээнд орохгүйгээр дархлагдаж байгаа юм.

Адуу сэтэрлэх ёслол нь төрийн тахилгын төгсгөлд болдог аж. Тус ёслолын дараа тахилгын ёслолын хойморт залсан Монгол Улсын төрийн далбаа, Бүх цэргийн хар сүлд тэргүүтнийг буцаан залах ёслолыг Төрийн хонжингийн удирдлага дор гүйцэтгэв.
Төрийн тахилын ёслол өндөрлөж буйг илтгэж Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй хүндэт зочид буцаж морилох зуур Ерөнхийлөгч бээр тайлга тахилга өргөсөн Хар Зүрх хайрханд гурвантаа мэхийн ёсолж, хүндэтгэл үзүүлэв.
Ингэснээр Хар Зүрх хайрхны тэнгэрийг тайж тахих төрийн ёслол өндөрлөлөө. Ёслолын төгсгөлд Хэнтий аймгийн зүгээс тахилгад оролцохоор хүрэлцэн ирсэн сүсэгтэн олонд Хар Зүрх хайрхны тахилгын хишиг хэмээн тараав. Уул усаа тайж тахих төрийн ёслолын дэг жаяг ийм ажгуу.

Ташрамд дурдахад, Хар Зүрх хайрхныг өмнө нь орон нутгийн түвшинд, тодорхой хүмүүсийн хүрээнд тахиж ирсэн уламжлалтай байжээ.
Төрийн тахилгатай болгосноор монгол туургатнуудын эрхэм шүтээн Эзэн Богд Чингис хааны монгол овог аймгуудыг нэгтгэн, монгол төрийн сэргэн мандлыг тунхаглан зарлаж, тулгын чулууг тулсан өлгий нутаг монгол төрийнхөө ивээлд орж, уугуул төрхөөрөө хамгаалагдан, үеийн үедээ уламжлах үндэс суурь тавигдаж байгаагийн зэрэгцээ Чингис хааны тахилга Их Монгол Улсын голомт, уугуул нутагтаа эргэн сэргэж байгаа түүхэн ач холбогдолтой юм.
Учир нь Чингис хаан бол Монгол үндэстний гайхамшигт манлайлагч, агуу их хүмүүн байсны хувьд хожмын монголчууд, ураг удмынхан нь түүнийг “Тэнгэр” болгон тахиж, тахилын сан зохиож, дэг бүтээн шүтэж залбирч ирсэн уламжлалтай. Харамсалтай нь тухайн үеийн нийгмийн өөрчлөлтийн нөлөөгөөр энэ уламжлал Монгол Улсад ХХ зууны 30-аад оноос тасалдаж, бүдгэрсэн түүхтэй.
Хар Зүрх уулыг төрийн тахилгатай болгосноор Тэмүжинийг Чингис хаанаар өргөмжилсөн газарт “Чингис хааны тахилга”-ыг сэргээн уламжлуулах нөхцөл бүрдэж байгаа юм.

Хар Зүрх уул хийгээд Хар Зүрхний Хөх нуур, түүний орчмын нутгийн тухай товчхон
Хар Зүрх уул нь Хар зүрхний Хөх нуур хэмээх нэртэй салшгүй холбоотой ба Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голоос холгүй оршдог. Улаанбаатар хотоос 240 орчим км.
Хөх нуур нь Хар Зүрх уулын өвөрт далайн түвшнээс дээш 1675 м өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм.
Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа шовх оройтой Хар Зүрх уул оршдог. Энэ газарт 1189 оны Шарагчин тахиа жил Тэмүжинг Хамаг Монголын хан сууринд залсан хэмээн тэмдэглэсэн.

Нуурын өмнөд эрэг дээр Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулан гэрэлт хөшөөг босгож, түүнийг тойруулан 108 метр голчтой хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан Алтан ургийн их, бага 36 хаадын модон сийлбэр бүхий “Чингис хааны алтан ургийн их, бага хаадын цогцолбор”-ыг байгуулсан байдаг. Энэхүү цогцолборын төв хэсэгт Чингис хаан, түүний эцэг Есүхэй, хатан эх Өэлүн, төрийн их хатан Бөртэ Үжиний сийлбэрийг байрлуулсан. Их, бага хаад, Чингисийн есон өрлөг, Тэв тэнгэр зэрэг нийт 50 ширхэг модон сийлбэр цогцолборт хамаардаг.


“Монголын нууц товчоо”-нд Хар зүрхний Хөх нуурын нэр 2 удаа дурдагддаг.
89 дүгээр зүйл. ...Тэнд нийлэлдэж Бурхан халдуны өвөр Хүрэлхү дотор урсах Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт нутаглаж ахуйд, тарвага, хүчгэнэ алж идэн бүлгээ.
122 дугаар зүйл. ...Жамухаас төдий хагацан хөдлөөд, Химурга горхины Айл харганад бууж бүхүйд бас Жамухаас хагацаж, Жүрхиний Сорхату, Жүрхийн хөвүүн Сача бэхи, Тайчу хоёр нэгэн хүрээн, бас Нэхүн тайжийн хөвүүн Хучар бэхи нэгэн хүрээн, эд бас Жамухаас хагацан хөдөлж, Тэмүжинийг Химурга горхины Айл харганад бууж бүхүйд нийлэн буув. Тэндээс нүүж, Хүрэлхү дотор Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт буув хэмээжээ.
Хар Зүрх уул болон Хөх нуурын орчимд, ялангуяа Цэнхэрмандал сумын нутагт хийгдсэн археологийн судалгаа багагүй хийгджээ. Судалгаагаар энэхүү нутаг орчимд 3500 орчим жилийн тэртээ буюу Хүрлийн үеэс нүүдэлчин үндэстэн хүн ам идэвхтэй амьдран сууж байсан болох нь харагддаг байна.
Монголчуудын өвөг дээдсийн дөрвөлжин булш ба түүний шууд өвөг болсон шоргоолжин булш олддог аж.
Мөн XIII-XV зууны үеийн дурсгалууд ч багагүй байгаагийн дотор Монголын үеийн хүн чулуу бий. Түүнчлэн Эзэн Чингис хаантай холбон домоглодог археологийн дурсгалууд ч байдаг аж. Тухайлбал, Батхаан уулын хормой Таван толгой хэмээх газарт нутгийнхан “Чингисийн тулга” хэмээдэг цэцгэн хээ бүхий хавтант хашлага байдаг.
2009-2011 онд МУИС, Английн Бристолын Их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу “Хэрлэн голын сав газрын археологийн дурсгал” хамтарсан төсөл нь Монголын түүхийн олон үед холбогдох археологийн дурсгалыг илрүүлэн олох, бүртгэн баримтжуулах, улмаар малтлага судалгаа явуулан шинжлэх ухааны эргэлтэнд оруулахаар зорилго тавин ажиллажээ. Төслийн хүрээнд 2009-2011 онд Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт судалгаа явуулж Монголын түүхийн хүрэл, төмөр, хүннү, түрэг, Монголын үед холбогдох хэдэн арван дурсгалын цогцолборыг шинээр илрүүлэн, газар зүйн байршлыг тодорхойлон бүртгэн баримтжуулсан байна.
МУИС-ийн судалгааны баг 2011 онд энэ төслийн хүрээнд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Жаргалантын хөндийд археологийн судалгаа хийж Жаргалантын хөндий болон түүний орчмын нутаг Хавцал уул, Аваргын гуу зэрэг газарут нийт 150 гаруй дурсгал илрүүлэн бүртгэжээ.



Гэрэл зургийг Б.Чадраабал