Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Улаанбаатараас 360 километрийн алс орших, он жилүүдийн нар, салхи, цас, бороонд элэгдэж хуучирсаар буй Эрдэнэ зуу хийд рүү зорих замдаа олон бодол хөврүүлж явав.
Сурвалжилгынхаа сэдвийг эргэцүүлэх зуур Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улстай хамтран Эрдэнэ зуу хийдийн Алтан суваргыг сэргээн засварлах тухай мэдээг уншиж байсан минь санаанд оров. Үүнтэй зэрэгцээд Эрдэнэ зуу хийдийн талаарх япон профессорын маань "Энд Их Монгол Улсын нийслэл байсан гэж бодохоор зүрх минь булгилдаг" гэсэн үг дурсамжаас сэргэв.
Өмнө нь
хоёр удаа очихдоо, суралцаж байсан Японы Хигаши
Хирошима хотын бор шавран дээврийг санагдуулам Эрдэнэ зуугийн сүмийн үзэсгэлэнт дээвэр дээр өвс ургасныг хачирхан ажиглаж, 400
гаруй жилийн түүхт энэхүү
бахархам соёлын өвөө хайрлах харамсах сэтгэл зэрэгцүүлж байсан билээ.

Үнэлж баршгүй шүтээн
"Эрдэнэ зуу бол бидний хувьд шүтээн, соёл судлаачдын хувьд дэлхийн том өв" гэж хийдийн ловон лам Ц.Содномдорж хүүрнэнэ. Тэрбээр Эрдэнэ зуу хийдэд шавилан сууж, улмаар үйл ажиллагааг нь хариуцан ажиллаж яваа хүн.
Монголын хэд хэдэн төрт улс нийслэлээ байгуулсан, ард түмний дунд төрт ёс, шашин, соёлын голомт болж ирсэн энэ газрын хуучин шүтээн, шүншиг нь сайтар хадгалагдаж өнөөдрийг хүрсэн нь бахархууштай. Гэвч монгол орны дөрвөн улирал, эрс тэс уур амьсгал хийдийн шүтээнүүдэд эрх биш он цагийн ул мөрөө үлдээжээ. Байгалийн гаралтай шороон суурьтай будгаар будаж бурхан тахилаа бүтээж байсан хуучин арга байгаль дэлхийд ээлтэйг өвөг дээдэс маань олон зууны тэртээд мэдэж байжээ гэлтэй.
Харин сүүлийн үеийн будаг шунх материалууд удаан тэсэхгүй
байгааг хийдийн ловон лам хуучиллаа. Түүхийн энэхүү
дурсгалыг уламжлалт технологиор сэргээх
шаардлагатайг ч онцолсон юм.
Алтан суваргын түүхийг АНУ-тай хамтран бичих нь
Эрдэнэ зуу хийдийн Алтан суваргыг АНУ-ын санхүүжилтээр сэргээн засварлах гэж байна. Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л.Буанган Алтан суваргыг хамгаалж, сэргээн засварлах төслийн нээлтэд оролцсон юм.
Энэхүү төслийн нэгэн хэсэг болох сэргээн засварлах ажилд хийдийн зүгээс оролцохдоо суваргын доторх шүтээн, авшигтай ном судар зэрэг зүйлсийг хамгийн чухалд тооцон нандигнан ажиллана хэмээн хийдийн ловон лам ярив. Эрдэнэ зуу хийдийн сувраган доторх шүтээн, өвлөж ирсэн ном судар нь тун бага гэмтэж, ихэнх нь өвлүүлэн үлдээсэн шүншигтэйгээ хадгалагдсаар байгаа аж. Тиймээс дотор нь ямар судар, ном тавих вэ гэдэг талаар Эрдэнэ зуу хийдээс саналаа хэлж ажиллах юм байна. Харин барилга, архитектурын шийдвэрт хийдийн зүгээс шууд оролцох эрхгүй, улсын өмч тул соёлын байгууламж талаас нь мэргэжилтнүүд анхаарлаа хандуулах ёстойг ч дурдлаа.
Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэлийн тайлбарласнаар, “Дэлхийн хөшөө дурсгалын сан”-гийн World Monuments Watch хөтөлбөрийн хүрээнд дэлхий даяар авран хамгаалах шаардлагатай 25 өвийн нэгээр Эрдэнэ зуу хийд шалгарчээ.
"Уур амьсгалын өөрчлөлт, орчны өөрчлөлттэй холбоотойгоор түүх, соёлын дурсгалт газруудад эрсдэл үүсэж байна" гэж үзсэнийг О.Одгэрэл онцлов. Урьд нь энэхүү жагсаалтад Чойжин ламын сүм музей багтаж, сэргээн засварлалт амжилттай болсон, үүгээр эртний сүм хийдийг сэргээн засварлах тодорхой туршлага манайд бий болсон гэдгийг тэрбээр дурдав.
Түүний ярьснаар, төслийн нарийвчилсан мэдээлэл есдүгээр сард тодорхой болох аж. Энэ наймдугаар сард өвийн нөхцөл байдлын судалгаа хийгдэх бөгөөд гэмтлийн шинж чанар, шаардагдах материал, тэдгээрийг хаанаас авах зэргийг тодорхойлох юм байна. Одоогоор сэргээн засварлах төслийн ерөнхий төсөв батлагдсан ч гэрээний дагуух санхүүжилт хараахан бүрэн шилжиж ирээгүй байна.

Музейн өмнө тулгамдаж буй сорилт
Засгийн газрын тогтоолоор 1965 онд музей болсноос хойш 61 жил ажиллаж буй “Эрдэнэ зуу музей”-н захирал Н.Төмөрбаатарын мэдээлснээр, тус музей 7000 гаруй үзмэртэй бөгөөд сүүлийн таван жилд дунджаар 70,000 гаруй зочин хүлээн авсны 40 гаруй хувь нь гадаадын жуулчин байна. 1990 оноос хойш музейн үйл ажиллагааны хажуугаар хурал номын үйл ажиллагаа нь сэргэж, өдөр бүр 20 лам ном хурж иржээ.
Музейн үйл ажиллагаанд тулгамдаж буй хамгийн том бэрхшээл нь санхүүжилт аж. "Нийт 20 га газар гэдэг талбайн хувьд том учраас байнгын эвдрэл элэгдэл явагдаж, сэргээн засах шаардлагатай тулгарч байна. Сүүлийн хэдэн жил томоохон санхүүжилт орж ирээгүй” хэмээн захирал өгүүлэв.
Нөгөө талаар мэргэжилтний хомсдол ч ноцтой асуудал болжээ. Социализмын үеэс ажиллаж байсан мэргэжилтнүүд нь тэтгэвэртээ гарсан. Өнөө үед шинэ мэргэжилтэн бэлтгэгдэхгүй байгааг Н.Төмөрбаатар захирал халаглан ярьж байна. Сэргээн засварлалтад мэргэжлийн бус, зөвхөн тусгай зөвшөөрөлтэй барилгын компаниуд орж ирдгийг ч тэрбээр шүүмжилж, Соёлын яаманд энэ талаар олон удаа санал хүргүүлж байжээ.
Суурь судалгаа дутаж байна
Японд сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, мэргэжлийн сэргээн засварлагч О.Ангарагсүрэнг 2023 оноос Эрдэнэ зуу, Шанхын хийдэд ажиллуулж, Шанхын хийдийн өнгө будгийн талаар суурь судалгаа хийлгэж байгааг Дэлхийн Өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааны менежер Н.Гомбожав хэлэв. Гэсэн хэдий ч захиргаа өөрөө бие даан сэргээн засварлалт хийж байгаагүй, хийдэг гол ажил нь мониторинг, техникийн хамгаалалт буюу тойруулан хашаалах зэрэг арга хэмжээ аж.
О.Ангарагсүрэн
мэргэжилтэн Монголын соёлын өвийн салбарын хамгийн гол сорилтыг тодорхойлохдоо, "Хуучирсан барилга" гэдэг өнцгөөс хандаж, шинэ болгох, гоё
болгох ажил түлхүү хийгдэж байна. Тухайн барилгын түүх, соёлын өвийн үнэ
цэнийг тодорхойлох судалгаа нэн дутагдалтай. Соёлын өвийн эх төрх,
бүрэн бүтэн байдлыг хамгаалах гэсэн ерөнхий зарчмын үүднээс аваад үзвэл
өнөөгийн манай соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтын салбарт
судалгаа, шинжилгээний ажил жаахан дутмаг байна гэсэн бодол байдаг” гэв.
Мөн тэрбээр Эрдэнэ зуу хийдийн онцлогийн талаар, Хархорум хотын Хааны ордон байсан газар баригдсан. Анх Эрдэнэ зуу хийдийг барьж байгуулахад өмнөх Хархорум хотын барилгын материалыг ашигласан. Сүм хийдийн барилгын зарим хэсгээс Хархорум хотын барилгын материал олддог. Тухайлбал, 1586 онд баригдсан Эрдэнэ зуугийн Гол Зуу сүмийн хананаас Хархорум хотын тамгатай тоосгонууд илэрч олдсон. Мөн сүмийн хашаа, суурь, довжоо, хашлага зэргээс Монголын Эзэнт гүрний үеийн бичигтэй хөшөөнүүд илэрдэг. Эрдэнэ зуугийн хийц, материал, уламжлалт технологи нь их өвөрмөц. Хийдийн Алтан суварга 1799 онд баригдсанаас хойш эх төрхөөрөө байгаа, улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед ч нураагүй үлдсэн үнэт өв хэмээлээ.
Алтан суваргыг IV Богд Жавзүндамбын 25 насны ойд зориулж босгосон бөгөөд Чин сүжигт Номун хааны 2-р дүрийн хувилгаан равнайлж, Эрдэнэ зуугийн хувилгаан лам Лувсандагвадаржаа удирдан бариулсан ариун шүншигтэй суварга юм байна. Тиймээс тус суваргыг дахин сэргээн засварлах болбол буулгах, дахин шинэ болгон засварлах төлөвлөлт хийлгүй, харин өнгөн хэсгийн гэмтэл, хагарал цуурлын шалтгааныг нарийвчлан тогтоох суурь судалгаа бүрэн хийж, олон талын судлаачдыг оролцуулан хэлэлцүүлж, хэрхэн сэргээн засварлах төлөвлөгөөг гаргах шаардлагатай гэдгийг О.Ангарагсүрэн хэлж байна.
Япон, Солонгосын жишээгээр харьцуулахад, Японд улсын хамгаалалтын зэрэглэлд орсон "чухал соёлын өв"-д гар хүрэх нь маш хатуу дэглэмтэй, өөрчлөлт хийхийн өмнө олон жилийн судалгаа явуулдаг. Жишээ нь, 1949 онд галд шатсан Хорюүжи сүмийн эртний ханын зургийг сэргээх суурь судалгаа өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа аж. Ийм судалгааг мужийн засаг захиргаа, соёлын агентлаг, эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулийн судлаачдаас бүрдсэн баг дор хаяж гурван жилийн турш хийдэг бол санхүүжилтийг улс, орон нутаг, өмчлөгч талууд хамтран бүрдүүлдэг байна. БНСУ-ын хувьд, Сөүл хотод байдаг хосгүй үнэт улсын зэрэглэлд багтсан Намдэмүн суваргат загварын хаалга 2008 онд галд өртөж шатсан. Хаалгыг сэргээх ажлыг улс нь эхлүүлж, ямар уламжлалт материал, технологийг ашигласан байсныг судалж, яг тэр технологиор сэргээн засах зарчмыг барьж ажиллажээ.
Харин Монголд соёлын өвүүдээ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд ээлж дараалан бүртгүүлж байгаа ч дараа нь хэрхэн хадгалж, хамгаалах нь тодорхойгүй хэвээр байна. Тухайлбал, Орхоны хөндийд бүртгэлтэй 20 дурсгалт газрын дунд Эрдэнэ зуу, Шанхын Баруун хийд багтдаг ч хэрхэн сэргээн засварлах төлөвлөгөө байхгүй, судалгаа дутмаг, бодлого нь тодорхой бус байгааг О.Ангарагсүрэн онцоллоо.
Уур амьсгалын шүүдэр цэг ба санхүүжилтгүйн мухардал
Соёлын өвийн үндэсний төвийн Хадгалалт, хамгаалалт, технологи судалгааны газрын дарга М.Оюунтулга уур амьсгалын өөрчлөлт ил задгай орших чулуун болон шавран дурсгалд хэрхэн шууд нөлөөлдөг болохыг тайлбарлав. Хаврын улиралд өглөө нар гарахад цас мөс хайлж, орой нь дахин хөлддөг. Цаг агаарын энэхүү хүчин зүйл давтагдах тусам барилгын дотор хөлөрсөн ус чийг барилгын зай завсарт шингэж, хөлдөхдөө тэлж хагардаг байна. Үүнийг конденсац буюу шүүдэр цэгийн температурын нөлөөлөл гэдэг аж.
"Хөгжингүй орнуудтай харьцуулахад бидэнд туршлага байхгүй байна" хэмээн М.Оюунтулга хэлсэн ч Соёлын өвийн үндэсний төв сүүлийн жилүүдэд
гадаад хамтын ажиллагааныхаа хүрээнд агаарын
дулаан, чийгшлийн эрсдэлийн
судалгааг олон улсын стандартад ойртуулах гэж хичээж байгааг дурдав. Түүний хийсэн жишиг судалгаа энэ салбарын хэмжигдэхүйц эрсдэлийг харуулж байна. Хар
балгасны суваргад Японы хамтрагчидтай хийсэн есөн жилийн ажиглалтаар цаг
агаарын нөлөөгөөр дурсгалын 1-3 хувь урсаж, өндөр нь 10 сантиметрээр багассан байна.
Эрдэнэ Зуугийн Алтан суваргын өнөөгийн сэргээн засварлалтад нарийвчилсан материалын судалгаа хараахан хийгдээгүй байгааг М.Оюунтулга хэлж байна. Судалгаа, эрдэм шинжилгээний зардал огт байдаггүй нь энэ салбарын хамгийн гол бэрхшээл. Судалгаа хийх гээд санхүүжилтийн дутагдалд "мухардчихдаг" тухайгаа тэрбээр учирлав.
Төгсгөлд нь товч дүгнэхүй
Америкийн Нэгдсэн Улс, Дэлхийн хөшөө дурсгалын сангийн санхүүжилтээр эхлэх гэж буй Эрдэнэ зуу хийдийн Алтан суваргын сэргээн засварлалт Монголын соёлын өвийн салбарт хадгалалт, хамгаалалтын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд түлхэц болохуйц жишиг болох хүлээлттэй байгаа. Гэвч одоогоор мэргэжилтнүүд нэгэн дуугаар санхүүжилт, туршлагатай мэргэжилтэн, уламжлалт материал, технологи, гэмтлийн нарийвчилсан судалгаа зэрэг хамгийн чухал зүйлүүд нь дутагдалтай байгааг хэлж байна.
Уур амьсгалын өөрчлөлт, нар, салхи, цас, бороо зогсохгүй. Тиймээс Эрдэнэ зуу шиг зуу зуун жилийн түүхийг хадгалсан үнэт өвүүдээ хойш үедээ өвлүүлж үлдээхийн тулд судалгаатай, шинжлэх ухаанчаар хадгалж, хамгаалах бодлого, арга барил Монголд шаардлагатай байна.
Энэ цаг үед ажлаа эхэлж буй Эрдэнэ Зуу хийдийн Алтан суваргыг сэргээн засварлах төсөл үүнд зүг чиг зааж, жишиг болох учиртай.
Энэхүү сурвалжилгыг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын хүрээнд ЮНЕСКО-гийн Зүүн Азийн төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Хэвлэлийн хүрээлэнгээс хэрэгжүүлж буй "Уур амьсгал, геопарк, өв соёлын сэтгүүл зүйн хөтөлбөр"-ийн дэмжлэгтэйгээр бэлтгэв.

Алтан Суварга 2026.08.10

Гадаадын жуулчдын сонирхлыг татдаг түүхэн соёлын өв "Эрдэнэ зуу" хийд, 2026.08.10

Шүтээн болсон Алтан Суварга, 2026.08.10

Эрдэнэ зуу хийдийн гаднах байдал , 2026.08.11
Нэмэлт сурвалжлага :Ч.Мишээл
Гэрэл зургийг Г.Мөнх-Од