Боб Дилан ирэх хавар Шведэд тоглолт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
nyamtulga@montsame.mn
2016-12-13 10:08:05

СТОКГОЛЬМ. /Xinhua/. Энэ оны Нобелийн утга зохиолын шагналыг хүртсэн Боб Дилан ирэх хавар Шведэд зочилж, Лунд хотод тоглолт хийхээр болсон байна.

Тэрбээр ирэх оны дөрөвдүгээр сард Шведэд ирэх бөгөөд Стокгольм болон Лунд хотод концерт тоглохоор төлөвлөөд байна гэж зохион байгуулагчид өчигдөр мэдэгдсэнийг Шведийн телевиз дамжуулсан байна.

Харин Шведийн “Aftonbladet” сонинд мэдээлснээр, Дилан Шведэд ирж, илтгэл тавих өдрийг хараахан товлоогүй байна гэж Нобелийн сан мэдэгдлээ. Боб Дилан 12 дугаар сарын 10-наас хойших 6 сарын хугацаанд илтгэл тавих ёстой гэж тус сан мэдэгдсэн юм.

"Бид Боб Диланы менежертэй холбогдож, Нобелийн илтгэлийн тухай ярилцсан боловч яг хэзээ, ямар хэлбэрээр илтгэл тавих талаар тодорхой шийдэлд хүрсэнгүй" гэж Нобелийн сангийн төлөөлөгч ярьжээ.

Өнгөрсөн бямба гарагт Стокгольм хотод болсон Нобелийн шагнал гардуулах ёслолд Боб Дилан оролцоогүй боловч АНУ-аас Шведэд суугаа Элчин сайд Азита Ражи түүний талархлын илгээлтийг зочдод уншиж танилцуулан, "A hard rain's a-gonna fall" дууг нь толилуулсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ