Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Түдэвтэй сум нь түүх, археологийн хосгүй өв дурсгалаараа онцлог нутаг юм. Тус сумын нутаг дэвсгэрт эртний булш, хиргисүүр, хүн чулуун хөшөө, хадны зураг, тахилын онгон зэрэг олон арван дурсгал бүртгэгдэн хадгалагдаж байна.
Эдгээрээс онцлон дурдбал Гозгорын дэнжийн булш, хиргисүүр, Голын эхний булш, хиргисүүр, Голын эхний хүн чулуун хөшөө, Их-Улааны Дөрөлжийн хиргисүүр, Салхит Хужиртын хиргисүүр, сумын төвийн хүн чулуун хөшөө, Улаан толгойн булш, хиргисүүр, Урианхай булгийн хүн чулуун хөшөөд, Хар чулуутын хадны зураг, Хөндлөнгийн хүн чулуун хөшөө, Хунхуйн хүн чулуун хөшөө, Ялаатын Дөрөлжийн тахилын онгон зэрэг түүх, соёлын үнэт өвүүд багтдаг.
Эдгээр дурсгалууд нь хүрэл зэвсгийн үеэс Түрэг, Уйгарын үеийг хамарсан цаг хугацааны түүхийг илтгэх бөгөөд Монголын нүүдэлчдийн соёл иргэншил, зан үйл, оршуулгын ёс, урлагийн өвийг судлахад чухал ач холбогдолтой юм хэмээн Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас мэдээллээ.

Голын эхний хүн чулуун хөшөө
Түдэвтэй сумын Аргалант багийн нутагт, сумын төвөөс баруун урд зүгт 2 км зайд орших Голын эх хэмээх газарт тахилын байгууламж бүхий хүн чулуун хөшөө бий. Хөшөө нь толгой болон бүсний дээд хэсгээрээ хугарсан бөгөөд 140 см өндөр, 50 см өргөн, 23 см зузаан хэмжээтэй. Энэхүү дурсгал нь эртний тахилгын зан үйлийн чухал өвд тооцогддог.

Гозгорын дэнжийн булш, хиргисүүр
Сумын төвөөс хойш 5 км зайд, Аргалант багийн Гозгорын дэнж хэмээх газарт эртний булш, хиргисүүрийн цогцолбор оршино. Энэхүү дурсгал нь хүрэл болон төмөр зэвсгийн үеийн оршуулгын зан үйлийг илтгэх археологийн үнэт өв юм.

Их-Улааны Дөрөлжийн хиргисүүр
Аргалант багийн нутагт, сумын төвөөс баруун хойд зүгт 10 орчим км зайд орших Их-Улааны Дөрөлжийн шил дээр дугуй чулуун хүрээтэй хиргисүүр бий. Энэ нь тухайн үеийн оршуулгын зан үйл, нүүдэлчдийн соёлын чухал дурсгалд тооцогддог.

Сумын төвийн хүн чулуун хөшөө
Түдэвтэй сумын төвийн өмнөд хэсэгт ягаан боржин чулуугаар урласан, тахилын байгууламжтай хүн чулуун хөшөө хадгалагдан үлджээ. Ур хийц, чулууны сонголтоороо онцлог энэхүү хөшөө нь нутгийн түүх, соёлын үнэт өвийн нэг юм.

Салхит Хужиртын хиргисүүр
Сумын төвөөс баруун тийш 11 км зайд, Аргалант багийн Салхит Хужирт хэмээх газарт дугуй чулуун хүрээ бүхий хиргисүүр оршдог. Энэ нь эртний нүүдэлчдийн оршуулгын дурсгал бөгөөд археологийн судалгааны чухал эх сурвалж юм.

Хар чулуутын хадны зураг
Аргалант багийн нутагт, сумын төвөөс зүүн хойд зүгт 7 км зайд орших Хар чулуут хэмээх газарт цөөн тооны сийлмэл хадны зураг байдаг. Эдгээр зураг нь тухайн үеийн хүмүүсийн ахуй амьдрал, ан агнуур, зан үйлийн талаар өгүүлэх ховор соёлын өв юм.

Ялаатын Дөрөлжийн тахилын онгон
Сумын төвөөс урд зүгт 20 км зайд, Аргалант багийн Ялаатын Дөрөлж хэмээх газарт хөшөө чулуу бүхий тахилын онгон оршино. Энэхүү дурсгал нь эртний тахилгын зан үйлийг илэрхийлсэн түүх, шашин-соёлын үнэ цэнтэй өв юм.

Хөндлөнгийн хүн чулуун хөшөө
Ойгон багийн нутагт, сумын төвөөс зүүн хойд зүгт 8 км зайд орших Хөндлөн хэмээх газарт тахилын онгон бүхий хүн чулуун хөшөө бий. Хөшөө нь 112 см өндөр, 40 см өргөн, 20 см зузаан бөгөөд эртний тахилгын дурсгалын нэг юм.

Урианхай булгийн хүн чулуун хөшөөд
Аргалант багийн нутагт, сумын төвөөс баруун урд зүгт 20 км зайд орших Урианхай булаг хэмээх газарт хоёр хүн чулуун хөшөө байдаг. Эдгээрийн нэгийг буган чулуун хөшөөг дахин ашиглан хүн чулуун хөшөө болгон засварласан нь онцгой ач холбогдолтой. Тус хөшөө нь 102 см өндөр, 42 см өргөн, 11 см зузаан хэмжээтэй бөгөөд Монголын чулуун дурсгалын хувьсал, уламжлалыг харуулдаг.

Хунхуйн хүн чулуун хөшөө
Баянцагаан багийн нутагт, сумын төвөөс урд зүгт 21 км зайд орших Хунхуй хэмээх газарт хүн чулуун хөшөө бий. Хөшөө нь 105 см өндөр, 31 см өргөн, 17 см зузаан хэмжээтэй бөгөөд тухайн бүс нутгийн эртний нүүдэлчдийн түүх, соёлын үнэт дурсгалын нэгэнд тооцогддог.