Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын хяналтын тогтолцоог шинэ шатанд гаргах зорилготой Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо.
Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Саиа Ма’у Пиукала, Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Т.Мөнхсайхан, Д.Ганмаа тэргүүтэй албаныхан оролцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал лабораторийг нээж үг хэлэхдээ, “Энэхүү лаборатори нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үр дүнтэй хамтын ажиллагааны бодит үр дүн юм. Монгол Улс Эм, эмнэлгийн үндэсний лавлагаа лабораторитой боллоо. Cарын дотор зах зээл дээр зарагдаж байгаа бүх эмийг шинжлэх үүрэг өглөө” гэдгийг онцолсон бол Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Эмийн чанар, аюулгүй байдал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш. Энэ бол иргэн бүрийн амь нас, эрүүл мэнд, төрийн үйлчилгээнд итгэх итгэл, үндэсний аюулгүй байдлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Иймээс Монгол Улсын Засгийн газар эмийн зохицуулалт, чанарын хяналтын тогтолцоог олон улсын жишигт хүргэх зорилтыг тууштай хэрэгжүүлж байна” гэлээ.
Харин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал доктор Саиа Ма’у Пиукала, “Бага болон дунд орлоготой орнуудад ашиглаж буй 10 эм тутмын нэг нь стандартын шаардлага хангаагүй эсвэл хуурамч байдаг. Энэ бол зөвхөн техникийн биш, хүний аминд аюул учруулж буй асуудал юм. Хүчирхэг лаборатори гэдэг нь зүгээр нэг барилга байгууламж биш. Энэ бол иргэд, гэр бүл, нийт нийгмийг эрсдэлээс хамгаалдаг хамгаалалтын тогтолцоо юм. Монгол Улс өнөөдөр энэхүү хамгаалалтаа улам бэхжүүлж байна” гэдгийг дурдлаа.
Эм, эмнэлгийн хэрэгслийн Үндэсний лавлагаа лаборатори ашиглалтад
орсноор жилд 4000-5000 дээжид шинжилгээ хийх хүчин чадалтай болжээ. Мөн иргэдэд
хүрч буй эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын баталгаа бэхжиж, хяналт,
шинжилгээний чадавх олон улсын түвшинд хүрсэн байна. Түүнчлэн орчин үеийн
багаж, тоног төхөөрөмж, дэвшилтэт системүүдийг нэвтрүүлээд зогсохгүй мэргэжилтнүүдийн
мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хөгжүүлэх боломж бүрдлээ.





