“Гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа” сэдэвт ёслол болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-03 22:54:26

Дархан-Уул аймгийн “Нийгмийн Ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос санаачлан аймгийн “Цэцэрлэгийн Эрхлэгчдийн холбоо” ТББ-тай хамтарч хоёр дахь жилдээ тус аймгийн Сургуулийн өмнөх байгууллагуудын ажиллагсдад хүндэтгэл үзүүлэх “Гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа” сэдэвт ёслол, баярын хурал “Залуучууд” театрт болов.

Уг ёслолд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат нарын удирдлагууд урилгаар оролцлоо. НАМЭХ-ны дарга А.Янжмаа:-“Бид энэ ажлын анхнаас нь санаачлан зохион байгуулахдаа СӨБ-д ажиллаж байгаа байгууллага хамт олноо идэвх санаачлагааараа хошуучилж орон нутаг, улсынхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг тэргүүний ажилтнуудыг тодруулан алдаршуулж тэдний ажил мэргэжлийн нийгэм дэх нэр хүнд, үнэлэмжийг нэмэгдүүлж сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулж байна” гэж ярилаа.

Аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга Р.Батжаргал:-“Дархан-Уул аймгийн хувьд 2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчит болон хувийн хэвшлийн 43 цэцэрлэгт 7762 хүүхдийг цэцэрлэгийн багш ажилтан, албан хаагчдын хүчин дор сургуулийн өмнөх боловсрол олгох сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулж байна. Сургуулийн өмнөх боловсрол хүмүүжил олгох сургалтыг зохион байгуулахад зөвхөн цэцэрлэгийн багш төдийгүй тэнд ажиллаж байгаа хүн бүрийн хүчин чармайлт чухал байдаг. Тиймээс энэхүү “Гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа” ёслолын ажлыг явуулж хамт олноо хошуучилж ажилласан шилдгийн шилдгүүдийг шалгаруулан урамшуулж байна” гэв.

Сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллагуудын ажилтан албан хаагчдын дундаас шилдэгийн шилдэг 11 номинацийн эздийг тодруулж шагнал гардууллаа.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ