Ц.Мөнх-Оргил: БНХАУ-ын талаас татвар биш хураамж нэмсэн
МОНГОЛЫН МЭДЭЭГадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос цаг үeийн зарим асуудлыг тодрууллаа.
-БНХАУ-ын зүгээс нүүрс, зэсний татварын үнийг нэмсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар тайлбар өгөөч?
-Татвар биш хураамж нэмсэн. Шинэ төрлийн хураамж нь “Ганц мод” боомтын тоног, төхөөрөмжийг шинэчлэхэд зориулагдана. Өөрөөр хэлбэл, Монгол Улсаас БНХАУ-руу “Ганц мод” боомтоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд нэг тонн тутмаас 8 юань, нэг машинаас 10 юань, зэсийн баяжмалаас нийт үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх хураамж авахаар шийдвэрлэсэн. Өнөөдрөөс энэ хураамжийг авч эхэлж байгаа. Бид БНХАУ-ын талд хураамж нь хэр удаан үргэлжлэх юм, ямар учир шалтгаантай, үүний үр дагавар юу болох вэ, аль болох богино хугацаанд хураамжаа аваад тоног төхөөрөмжөө шинэчлээд эргээд буулгаач гэдэг санал тавьж байгаа.
-БНХАУ-тай хийх уулзалт хэлэлцээр хойшлогдсон. Энэ асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байна вэ?
-БНХАУ-тай хийсэн яриа хэлэлцээр тодорхой хугацаагаар хойшилсон. Манай Засгийн газар өөрсдийн байр сууриа БНХАУ-ын талд тодорхой тавьсан. Монгол Улс зарчмын байр сууриа баримталсан хэвээр байгаа. Энэ байдал хоёр улсын харилцаанд нөлөөлөх ёсгүй. Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэр, бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд гүн хүндэтгэлтэй ханддаг хэвээрээ байгаа гэдгээ бататгаж хэлсэн. Хоёр талын яриа хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлье гэсэн санал хэлсэн байгаа. Мөн дотооддоо цэгцлэх, УИХ, Засгийн газрын түвшинд ярилцаж тохирох, зөвшилцөх олон асуудал бий. Тиймээс одоо энэ ажлуудаа хийж байна. Зөвхөн БНХАУ гэлтгүйгээр Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Япон, АНУ, Солонгос зэрэг бусад түншүүдтэйгээ яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байна. Жишээлбэл, энэ сарын 16-нд УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д айлчлахаар төлөвлөсний дагуу хэлэлцээр үргэлжилнэ. Маргааш бид Донорын зөвлөлдөх уулзалтыг хийх гэж байна. Энэ уулзалтаар дээрх ярьсан асуудлуудаа ярина. Мөн Донорын уулзалт дуусмагц Сангийн сайд Б.Чойжилсүрэн Японд айлчилна. Үүний хажуугаар миний бие Германд очиж Европын түншүүдтэйгээ уулзана. Гэх мэт гэрээ хэлэлцээрүүд үргэлжилж байна.
-БНХАУ-ын талаас ямар нэгэн хариу өгсөн үү?
-БНХАУ-тай хийх яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх асуудал зөвхөн манай талаас шалтгаалахгүй. Хоёр тал хоорондоо ярьж байж шийдэх асуудал. Тодорхой мэдээлэл ирээгүй байна.
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал