Италид 171 мянга гаруй цагаачид ирээд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-29 11:50:07

РОМ. /Reuters/. Энэ он гарснаас хойш Хойд Африкаас Итали улсад урьд урьдын жилүүдийнхээс олон тооны цагаачид иржээ.

Италийн ДХЯ-ны мэдэгдсэнээр, энэ он гарснаас хойш тус улсад нийтдээ 171 мянга гаруй цагаач ирсэн байна. Өнгөрсөн онд тус улсад 170 100 цагаач очсон нь түүхэн дээд үзүүлэлт болж байсан билээ.

2016 он гарснаас хойш Газар Дундын тэнгисийг гатлан Европт хүрэхийг оролдсон 4690 орчим цагаач амиа алдаж, сураггүй болсон гэж НҮБ мэдэгдсэн байна. Энэ бол нэг жилийн хугацаанд тус тэнгист хамгийн олон цагаач амиа алдсан тохиолдол юм.

Одоогийн байдлаар, тус улс дахь цагаачид хүлээн авах төвүүдэд 176 мянга гаруй хүн амьдарч байна. Тэдний дийлэнх нь Африкийн улсуудаас ирсэн хүмүүс аж. Тухайлбал, Нигериэс 36 мянга, Эритрейгээс 20 мянга, Гвинейгээс 12 мянган цагаач Италид ирээд байна.

2015 онд Европт нэг сая гаруй цагаач ирж байсан юм. Тэдний ихэнх нь Туркээр дамжин Европт очжээ.

Өнгөрсөн долоо хоногт Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган хэлэхдээ “хэрвээ Турк улсыг Европын Холбоонд элсүүлэх асуудлаарх хэлэлцээг зогсоовол манай улс илүү олон цагаачийг Европ руу явуулахын тулд хилээ нээнэ” гэж анхааруулсан юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ