“Alibaba”: Бяцхан Жак Мад туслах тухай яриа үндэслэлгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2016-11-28 12:56:41

ВАШИНГТОН. /BBC/. Хятадын зүүн нутагт амьдардаг 8 настай нэгэн хүүгийн гэрт Хятадын өнцөг булан бүрээс зочид ирэх болжээ. Хятадын тэрбумтан Жак Ма-тай усны дусал мэт адилхан хүүгийн гадаад төрхийг нь ашиглан зарим хүмүүс мөнгө олохыг хичээсээр байна.

Өнгөрсөн хоёр 7 хоногт л гэхэд Фан Сяоцины гэрт өдөр бүр 50 гаруй хүмүүс зочилжээ. Учир нь, 8 настай тэр хүү Хятадын интернэт худалдааны компани болох “Alibaba” компанийг үүсгэн байгуулагч Хятадын хамгийн баян эрхмүүдийн нэг болох Жак Матай усны дусал мэт адилхан ажээ.

Өнгөрсөн хугацаанд Хятадын тэрбумтан Жак Магийн зүгээс Сяоцин хүүгийн сургууль болон их сургуулийн сургалтын төлбөрийг даана гэдгээ амласан тухай яриа олон нийтийн сүлжээгээр хүчтэй тархсан билээ. Хятадын Зянси мужид амьдардаг энэ хүүгийн гэр бүлийнхэн маш ядуу амьдралтай бөгөөд засгийн газраас өгдөг тэтгэмжээр амьдардаг аж. Сяоцины аав Фан Жиафа хөгжлийн бэрхшээлтэй, баруун хөлөө тайруулсан бол ээж нь саа өвчтэй, харин 80 гарсан эмэг эх нь альцгеймерийн өвчтэй ажээ.

Тусламж дэмжлэгийн талаарх дээрх яриа үнэн эсэх талаар сэтгүүлчид “Alibaba” компаниас асуухад "энэ бол үндэслэлгүй" гэж мэдэгдсэн байна. Тус компаниас гаргасан мэдэгдэлд “Бяцхан Жак Магийн тухай бүх мэдээг бид тоглоом наргиан болгож хүлээж авах ёсгүй… Нэг хүүхдийн боловсролын асуудалд хөрөнгө оруулах амархан. Харин хэдэн сая ядуу хүүхдүүдэд туслахад илүү их хөрөнгө хэрэгтэй” гэж дурдсан байна.

Гэхдээ энэ мэдэгдэл нь олны анхаарлыг сарниулж чадаагүй юм. “Бяцхан Жак Ма” нэртэй болсон хүү хамгийн анх 2015 онд интернэтэд дуулиан тарьсан боловч удалгүй намжсан ажээ.

Сяоцин хүү сургуульд явж чадахгүй байгаа бөгөөд бичиж чаддаггүй ажээ. Түүний аав “хүүгээ сайн боловсрол эзэмшээсэй гэж би хүсч байна. Би бага сургуульд хоёрхон жил сурсан учир сайн уншиж, бичиж чадахгүй. Ном сурах нь миний бодлоор хамгийн чухал зүйл” хэмээн ярьжээ.

Олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүмүүс түүний гэр бүлийг ихэд дэмжиж байна. 200 гаруй хүүхдэд тусалсан Жан хэмээх нэгэн эрхэм "бяцхан хүүд боловсрол олгоход нь тусалж чадна" хэмээн ярьжээ.

Сяоцины аавын ярьснаар бол, тэрбээр хэнд итгэж найдахаа мэдэхгүй байгаа бөгөөд хоёр хүүгээ хол газар явуулах тал дээр нэлээд санаа зовинож байна. Өнгөрсөн 10 хоногийн дотор тэрбээр 10 мянган юань /1,500 доллар/-ын бэлэн мөнгө, хувцас хунар, хоол хүнс болон гэр ахуйн бусад зүйлсийг хандив болгон хүлээн авчээ. Тэрбээр “энэ асуудлаар засгийн газар тусалж, зөвлөгөө өгөөсэй” гэж хүсч байгаа ажээ. 

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ