ГОВЬ-АЛТАЙ: “Суралцагч багш, ажилтан” зорилтот сургалтуудыг зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Боловсролын газар Мэргэжлийн боловсролын сургуультай хамтран багш, ажилтнуудын мэргэжлийн болон хувь хүний ур чадварыг хөгжүүлэх зорилгоор “Суралцагч багш, ажилтан” зорилтот сургалтуудыг зохион байгуулж байна.
Дээрх байгууллагууд цаашид "Суралцагч салбар" болох зорилтыг дэвшүүлэн тодорхой ажлуудыг төлөвлөн ажиллаж байгаа юм. Энэ зорилгын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажилтнуудыг барилгын сантехникийн хоолой угсралт мэргэжлээр чадавхжуулах богино хугацааны түр сургалтыг гуравдугаар сарын 2-6-ны өдрүүдэд явуулж, 30 гаруй хүн хамрагдаж байна.
Сургалтад хамрагдаж буй ажилтнуудад сантехникийн хоолой угсралт мэргэжлийн анхан шатны мэдлэг эзэмшихээс гадна Боловсролын газраас ёс зүйн сургалт, хүүхэд хамгаалалд цэцэрлэгийн ажилтны оролцоо, СӨБ-ын сургалтын орчны стандартыг хэрэгжүүлэхэд үйлчилгээний ажилтны үүрэг оролцоо зэрэг сэдвээр сургалт орж байна.