ӨВӨРХАНГАЙ: Улсад жишиг болохуйц нэгдсэн эмнэлэг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-03-03 17:56:55

Арвайхээр, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар Өвөрхангай аймагт ажиллаж байна.


Тэд аймгийн удирдлагууд болон эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж, хүн амд үзүүлж буй тусламж үйлчилгээний чанар хүртээмж, тулгамдсан асуудлын талаар ярилцлаа. Аймгийн эрүүл мэндийн салбарт төрийн 25, хувийн 131 байгууллага үйл ажиллагаа явуулж, 1797 албан хаагч ажиллаж байна.


2021-2025 оны байдлаар аймгийн нийт хүн амын дунд хоол боловсруулах тогтолцооны өвчлөл зонхилж, хорт хавдар, осол гэмтэл удаалж байна. Осол гэмтлээс үүдсэн нас баралтын ихэнх хувийг архидалт болон амиа хорлох явдал эзэлж байгаа юм.


Мөн аймгийн хэмжээнд 2025 онд 1590 эх амаржиж, өмнөх оныхоос 123 төрөлтөөр буюу 7.1 хувиар цөөрсөн бөгөөд эхийн эндэгдэл бүртгэгдээгүй нь эерэг үзүүлэлт боловч 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 35 тохиолдол бүртгэгдсэн байна.


Эрүүл мэндийн салбарт эмнэлгийн байр хангалтгүй, түргэн тусламжийн авто машин дутагдалтай, цахим программын хувьд мэдээллийн нэгдсэн системгүй, ажилтнуудын нийгмийн баталгаа, хөгжлийн асуудал дутмаг байгааг Эрүүл мэндийн газрын дарга Н.Оюунтуяа ярилаа.


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд орон нутгийн удирдлага онцгой анхаарч, цогц арга хэмжээг төлөвлөсөн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, сайн туршлагуудыг хуваалцахыг санал болголоо. Мөн аймгийн Эрүүл мэндийн газрын ажилтнуудын цалин урамшууллыг нэмэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах төслийг тун удахгүй хэрэгжүүлнэ гэв.


Өвөрхангай аймаг орон нутгийн төсвөөсөө Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн тогтмол зардлыг гурван жил дараалан дааж байгаад сайд талархал илэрхийлсэн юм. Тэрчлэн аймгаас шинэ эмнэлэг барихад зориулж 30 га газрыг шийдээд байгаа бол Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Өвөрхангайд 300 ортой жишиг эмнэлэг барихаар 120 тэрбум төгрөг төсөвлөөд байгааг тэрбээр хэллээ. 

Холбоотой мэдээ