БАЯН-ӨЛГИЙ: Баруун бүсийн математикийн олимпиадад Увс аймаг тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор, академич А.Мекейн нэрэмжит баруун бүсийн математикийн 12 дахь удаагийн олимпиадыг Өлгий суманд зохион байгуулж, дүнгээ гаргалаа.
Тус олимпиадад Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий аймгийн 130-аад сурагч, 50 гаруй багш оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн тэмцээний нийлбэр дүнгээр Увс аймаг тэргүүлж, Баян-Өлгий аймаг удаалсан бол Ховд аймгийн багш, сурагчид гутгаар байрт шалгарчээ. Баруун бүсийн энэхүү олимпиадад амжилттай оролцож, тэргүүлсэн багш, сурагчид улсын олимпиадад оролцох эрхээ ийнхүү баталгаажууллаа.
Олимпиадыг МУИС-ийн Математикийн тэнхим, R3 сургалтын төв болон орон нутгийн байгууллагууд хамтран зохион байгуулсан бөгөөд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын газар, А.Мекей сан, “Алтай экспедишнз трэйвел” ХХК, Монголын математикийн олимпын хороо зэрэг байгууллага ивээн тэтгэсэн байна.
Абишийн Мекей нь Монгол Улсын нэрт математикч, академич, ардын багш цолтон бөгөөд алгебр, цагаригийн онолын чиглэлээр судалгаа хийж, монголын онолын математикийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм. Тэрээр МУИС-д олон жил багшилж, олон шавь бэлтгэн, сурах бичиг, эрдэм шинжилгээний бүтээл туурвижээ. Түүний нэрэмжит математикийн олимпиадыг жил бүр уламжлал болон зохион байгуулдаг.

