ТӨВ: Такси үйлчилгээний шинэ систем нэвтрүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-03-03 21:13:33

Зуунмод, гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод суманд такси үйлчилгээний стандарт, тариф олон жил тогтворгүй, асуудалтай байсан. Харин өнөөдрөөс "UB cab" үйлчилгээ албан ёсоор нэвтэрч, орон нутгийн иргэдэд илүү найдвартай, стандартын дагуу такси үйлчилгээ үзүүлж эхэллээ.


Зуунмод сумын Засаг дарга Б.Хатанбаатар, "Сүүлийн жилүүдэд тус суманд авто машины тоо нэмэгдэж, такси үйлчилгээ эрхлэх иргэдийн тоо ч өссөн байна. Гэвч зохион байгуулалт, нэгдсэн стандарт дутмаг байснаас үүдэн санал зөрөлдөөн гарч, иргэдэд тав тухтай, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байсан. Харин "UB cab" үйлчилгээ нэвтэрснээр үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, үйлчилгээний стандарт болон тарифыг тогтвортой, ил тод байдлаар зохицуулах боломж бүрдэж байна” гэв.


"UB cab"-ийн орон нутаг хариуцсан захирал А.Баатад, "Өмнө нь Зуунмод хотод тус үйлчилгээ нь хуучин 3.9 системээр ажиллаж байсан. Харин өнөөдөр орон нутгаас хамгийн анх удаа 4.0 систем нэвтэрч байгаагаараа онцлогтой. Өмнө нь зөвхөн такси үйлчилгээ үзүүлдэг байсан бол 4.0 систем нэвтэрснээр такси үйлчилгээ, хоол, бусад хүргэлтийн үйлчилгээг хот дотор шийдвэрлэх боломжтой боллоо.

Шинэ системд тогтсон үнийн тарифтайгаар үйлчилгээ үзүүлэх бөгөөд санамсаргүй байдлаар үлдээсэн зүйлсийг эзэнд нь буцаан өгөх, соёлтой харилцах, давхар хүн авч явахгүй байх, тамхи татахгүй байх зэрэг олон шаардлагыг хангаснаар иргэд тав тухтай зорчих боломжтой болно" гэлээ.


Холбоотой мэдээ