СҮХБААТАР: Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/.
2026-2027 оны
хичээлийн жилд үндэсний хэмжээнд хэрэгжих Бага боловсролын шинэчилсэн
хөтөлбөрийн төслийг өнгөрсөн нэгдүгээр сард баталсан. Тэгвэл шинэчилсэн
хөтөлбөрийг Баруун-Урт сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургууль 2025 оны
11 дүгээр сараас хөгжмийн хичээл дээр туршиж эхэлжээ.
Хөтөлбөрийн гол онцлог нь суралцахуйн зорилт товч тодорхой бөгөөд монгол өв соёл, уламжлалаа хадгалсан агуулгаар илүү баялаг болжээ. Ингэснээр хүүхдүүд ёс суртахууны өндөр боловсролтой, бүтээлч иргэн болж төлөвших юм. Шинэчилсэн хөтөлбөрийг хичээлийн хоёр улиралд туршилтаар хэрэгжүүлэхэд хүүхдүүдэд тодорхой үр дүн, ахиц гарч, дуу хөгжмийн хичээлд оролцох сурагчдын идэвх, хандлага өөрчлөгдсөн байна.
Манай сургууль хөгжмийн хоёр багштай бөгөөд багш нарын ачаалал харьцангуй их байна. Гэхдээ шинэчилсэн хөтөлбөрийн зорилт, агуулга товч тодорхой болсон нь бусад ачааллыг бууруулж, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд ч эерэг нөлөө үзүүлж байна. Гагцхүү сургалтын хэрэглэгдэхүүний хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатайг ЕБ-ын 3 дугаар сургуулийн хөгжмийн багш Б.Чулуунхүү ярилаа.
3 дугаар сургуулийн 1-5
дугаар ангид 790 хүүхэд
суралцдаг. Өнгөрсөн онд шинэчилсэн хөтөлбөрт 5 бүлгийн 180
хүүхэд хамрагджээ. Тус сургуулийн барилга хоёр жилийн өмнө ашиглалтад орсон. Тиймээс
хөгжмийн хичээлийн анги танхим, урлагийн заал зэрэг сургалтын танхим сайтай. Шинэчилсэн
хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор сургалтын хэрэглэгдэхүүнийг ч яам
болон өөрийн хөрөнгө оруулалтаар 60 гаруй хувьтай бүрдүүлжээ.