ЗАВХАН: Сонсголоо хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өнөөдөр дэлхий нийтээрээ “Сонсгол хамгаалах өдөр”-ийг тэмдэглэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2006 оноос эхлэн уг өдрийг санаачлан тэмдэглэж, сонсголын бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд анхаарч ирсэн юм.
Монгол Улс Сонсгол хамгаалах дэлхийн өдрийг 2018 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд бодлогын томоохон хоёр баримт бичгийг баталжээ.
Тухайлбал, 2021 онд “Сонсгол, дүлийрэлтийг бууруулах стратеги төлөвлөгөө”-г 10 жилийн хугацаатай баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Уг төлөвлөгөөний хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд болон чих, хамар, хоолойн эмч нар нэгдсэн бодлогоор ажиллаж байгаа юм. Энэ жил Эрүүл мэндийн яам болон Ерөнхийлөгчийн дэргэдэх "Эрүүл монгол" хөтөлбөрийн хүрээнд сонсгол хамгаалах аяныг зөвхөн нэг өдрийн үйл ажиллагаа бус, бүтэн жилийн турш өрнүүлэхээр төлөвлөжээ.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр нь сонсголын эрүүл мэндийг хамгаалах, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд урт хугацааны бодлого, хамтын ажиллагаа шаардлагатайг сануулж буйгаараа онцлогтой.
Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг энэ сарын 3-6-ны өдрүүдэд бага насны хүүхдүүд болон ахмад настнуудад сонсголын бичлэг хийх, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог зохион байгуулж байна. Мөн иргэдэд сургалт, нөлөөллийн үйл ажиллагаагаар дамжуулан чих, хамар, хоолойн эрүүл мэндийн талаарх суурь мэдлэг олгох, урт хугацаанд үүсэж болзошгүй эмгэгээс урьдчилан сэргийлэх, зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх зөвлөгөө, мэдээллийг эмч, сувилагч нар өгч буй юм.
Энэ жил “Хүүхдийн сонсголыг хамгаалъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа тул эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ сонсголыг шалгуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Сонсгол бууралт, дүлийрлээс сэргийлэхийн тулд хамар, хоолойн өвчлөл болон осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, чих өвдсөн тохиолдолд бүрэн эмчлүүлэх, чихэвчээр 60 минутаас дээш хугацаанд 60 хувиас их дуугаар хөгжим сонсохоос зайлсхийх, дуу чимээ ихтэй орчинд чихний бөглөө хэрэглэх шаардлагатай.
Мөн зарим эмийн гаж нөлөө сонсголд нөлөөлөх эрсдэлтэй тул эмийг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэх, сонсголоо тогтмол шалгуулах, шаардлагатай бол сонсголын аппарат хэрэглэх, жирэмсний хяналтад эрт орж тогтмол үзүүлэх, дуу чимээ ихтэй ажлын байранд хамгаалах хэрэгсэл ашиглахыг Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч, анагаах ухааны магистр П.Баярцэцэг зөвлөлөө.
Статистик мэдээллээр Монгол Улсад нийт 7561 сонсголын бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй байна. Харин Завхан аймагт 3298 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 241 нь сонсголын бэрхшээлтэй иргэн байна.

Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч, анагаах ухааны магистр П.Баярцэцэг