БАЯНХОНГОР: Спортын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг болон ОХУ-ын Алтайн хязгаарын Бийск хотын волейболын холбоо хамтран ажиллаж, харилцан тэмцээн, уралдаанд тогтмол оролцож, туршлага солилцохоор тохиролцов.
Энэ хүрээнд “Бийск хотын волейболын холбооны цом” XII удаагийн олон улсын тэмцээнд аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын волейболын баг оролцоод ирсэн байна. Тус хотын Волейболын холбооны албан ёсны урилгаар 2025 оны 11 дүгээр сар, 2026 оны 1-2 дугаар сард зохион байгуулсан тэмцээнүүдэд Баянхонгор аймгийн баг тамирчид тус тус ороод байгаа юм.
Багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч багш С.Идэрбаясгалан, багийн ахлагч Б.Шинэбаяр болон 12 тамирчин оролцож, хоёр үе шаттай явагдсан тэмцээний хэсгийн тоглолтуудад Баянхонгор аймгийн баг ОХУ-ын орон нутгийн хүчтэй багуудтай өрсөлдөж, шийдвэрлэх тоглолтуудад амжилттай оролцон нийт дүнгээр 7 дугаар байр эзэлжээ.
Баянхонгор аймгийн баг тамирчид Олон Улсын хэмжээний тэмцээнд оролцсоноор тамирчид Оросын Холбооны Улсын баг, тамирчдын волейболын техник, тактик болон тоглолтын арга барилаас суралцаж, туршлага хуримтлуулсан байна. Цаашид Баянхонгор аймагт зохион байгуулах тэмцээн уралдаанд тус хотын баг тамирчдыг урилгаар оролцуулахаар төлөвлөжээ.