БАЯНХОНГОР: Музейн нээлттэй өдрүүд энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Соёлын сайдын тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ сарын 7-ны өдрийг хүртэл аймгийн музей нээлттэй ажиллаж, иргэд, хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үйлчилнэ.
Музей ажлын өдрүүдэд 08.00-17.00 цаг, бямба, ням гарагт 10.00-17.00 цагийн хооронд ажиллана.
Баянхонгор аймгийн музей анх 1949 оны дөрөвдүгээр сарын 16-нд аймгийн Бага хурлын Тэргүүлэгчдийн 18 дугаар тогтоолоор нэг гэрт 10-аад үзмэртэй үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Өдгөө түүх угсаатны зүй, байгалийн түүхийн музей гэсэн хоёр салбартаа 10 мянга гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, 17 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн аймгийн төвийн музейгээс гадна Галуут сумын Чин сүжигт Номун ханы сүм музей гэсэн салбартай.
Тарбозаврын бүтэн хэлхээ яс, хос хүрэл морь, бадамлянхуа цэцэг, Ламын гэгээний хийдэд залагдаж байсан Цагаан, Ногоон дарь эх бурхан зэрэг иргэдийн бэлэглэсэн, худалдсан түүхэн ач холбогдолтой хосгүй үнэт үзмэрүүд тус музейд хадгалагдаж байна.
Музей тус бүр найман танхимтай. Түүх угсаатны зүйн музей Нэн эртний танхим, Генералуудын, Угсаатны зүйн, Сав суулгын, Шашин, зан үйлийн, Алдартны танхим, Дүрслэх урлаг, уран сийлбэрийн, Уламжлалт зан үйлийн танхимтай бол Байгалийн музей Динозаврын танхим, Шавжны, Ургамлын, Чулуулгийн, Мазаалайн, Хангайн амьтны, Говийн амьтны, Шувуудын танхимтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.