ХОВД: Баруун бүсийн сумд хамгийн их цастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-03-03 14:09:13

Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 50 гаруй хувь нь цастай байна.

Баруун бүсийн гурван сум буюу Үенч, Алтай, Булган суманд хамгийн их цастай байгаа бөгөөд цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан хаваржилт хүндэрч болзошгүй гэдгийг нутгийн иргэд хэллээ. Одоогоор баруун бүсийн сумдад 10-23 см, зарим газраа 30-50 см цастай байна.  

Цаг агаарын урьдчилсан мэдээнээс үзэхэд гуравдугаар сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй байна. Мөн энэ сард агаарын температур огцом өөрчлөгдөх үзэгдэл үргэлжлэх бөгөөд салхи шуурганы давтамж их байх магадлалтай.


Өнөөдөр үдээс хойшдоо баруун бүсийн Булган, Үенч, Алтай сумын нутгаар, шөнөдөө уулархаг нутаг болон их нуурын хотгорын зарим газраар ялимгүй цас орно. Салхи секундэд 6-11 метр, алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. Өндөр уулын бүсэд харагдах орчин хязгаарлагдан цас нэмж орсноор зам даваа хаагдаж болзошгүй тул малчид, иргэд, тээвэрчдийг хол ойр зорчихдоо аюулгүй байдлаа бүрэн хангаж, учирч болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.


Мөн гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас нимгэн байгаа тул тээвэрчид, иргэдийг баталгаагүй замаар цаг хожих, зам товчлох зэргээр зорчихгүй байхыг, мөс цөмрөх аюулаас сэргийлэхийг зөвлөлөө. 

 

Холбоотой мэдээ