Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн Хаант Улсын Уппсала мужид зочлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Уппсала мужид зочилж, албаны зарим төлөөлөгчтэй уулзлаа.
Тухайлбал, сайд Б.Батцэцэг Уппсала мужийн захирагч Стефан Аттефалл, Уппсала хотын зөвлөлийн дарга Клас Херман Лүндгрен нартай тус тус уулзаж, орон нутгийн түвшинд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцсоныг ГХЯ мэдээлэв.
Тэрбээр Монгол Улс бүсчилсэн хөгжил, орон нутгийн түвшний
харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд ач холбогдол өгч байгааг тэмдэглэж,
Уппсала мужтай боловсрол, соёл, хөдөө аж ахуй, тогтвортой хөгжлийн чиглэлээр
харилцан ашигтай хамтран ажиллах санал тавилаа.
Швед Улсдаа нэр хүндтэй Хөдөө аж ахуйн их сургууль нь Уппсала хотод байрладаг бөгөөд тус их сургуультай хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, инновацын шийдлийн туршлагаасаа хуваалцах зэргээр тодорхой төсөл хөтөлбөр, судалгаа шинжилгээний бүтээл хамтран хэрэгжүүлэх боломжтой гэдгээ Уппсала муж, хотын удирдлагууд илэрхийлжээ.


