ЗАВХАН: Арц тарьж ургуулах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-03-03 13:26:39

Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Завхан аймаг Монгол орны арцны нөөцийн 70 гаруй хувийг бүрдүүлдэг бөгөөд арц тарьж ургуулах, нөхөн сэргээх судалгааны ажлыг өнгөрсөн оноос эхлүүлээд байна.


Энэхүү ажлын хүрээнд арцны байгалийн нөөц, унаган төрхийг хамгаалан хадгалах, зохистой ашиглалтыг сайжруулах, нөхөн сэргээх чиглэлээр тодорхой зорилтуудыг дэвшүүлжээ.


Монгол Улсын хэмжээнд арцны гол нөөц Завхан аймагт төвлөрдөг тул нөөцийн тархац, одоогийн төлөв байдлыг нарийвчлан тогтоох нь чухал ач холбогдолтой юм. Судалгааны ажлыг Байгаль орчны судалгаа шинжилгээний төв, ХААИС Агроэкологийн сургууль, "Гарааны ногоон дэлхийн чанар" ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна.


Энэхүү ажлын хүрээнд арцыг хүлэмжид тарьж ургуулах анхан шатны туршилтыг энэ онд үргэлжлүүлж, үр болон мөчрөөр үржүүлэх хэд хэдэн аргыг туршихаар төлөвлөжээ. Мөн арцны нөөц, тархацад экологи, эдийн засгийн үнэлгээ хийж, зах зээлийн эрэлт хэрэгцээ, худалдааны эргэлтэд суурилсан нийгэм, эдийн засгийн судалгааг үргэлжлүүлнэ. Түүнчлэн тодорхой тархац бүхий бүс нутгийг хашиж хамгаалах ажлыг хэрэгжүүлж байна. Арцны экологи, эдийн засгийн үнэлгээ, хамгаалалт, ашиглалтын нарийвчилсан судалгааг тогтвортой үргэлжлүүлнэ хэмээн Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр онцолсон юм.


Өнөөдөр Зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийг дэлхий даяар тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Зэрлэг амьтны хамгааллын санхүүжилт: Хүн ба дэлхийдээ хөрөнгө оруулъя” уриан дор болж байна. Мөн энэ хүрээнд “Эмийн болон анхилуун үнэрт ургамал: Эрүүл мэнд, өв соёл, амьжиргааг хамгаалах нь” уриалгыг дэвшүүлжээ.


Дэлхий даяар 50-70 мянга орчим зүйлийн эмийн болон анхилуун үнэрт ургамлыг хүн төрөлхтөн ахуй амьдралдаа ашиглаж байна. Харин Монголд 1100 гаруй зүйлийн эмийн ургамал бүртгэгдсэн байдаг. Монголчууд эмийн болон ашигт ургамлыг уламжлалт мэдлэг, хэрэглээний хүрээнд үеэс үед өвлүүлэн ирсэн баялаг туршлагатай.


Иймд арцны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх энэхүү бодит ажил нь байгаль хамгааллыг санхүүжилт, хөрөнгө оруулалтаар дэмжих бодит алхам болж байгаагаараа онцлог юм. Завхан аймагт, ялангуяа Отгонтэнгэр уул орчмоор хонин арц, хуурамч хонин арц элбэг ургадаг.


Холбоотой мэдээ