ДОРНОГОВЬ: Политехник коллеж орчин үеийн тохижилттой компьютерын лаборатори байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-03-03 12:23:35

Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг дахь Политехник коллеж орчин үеийн тохижилттой компьютерын лабораторитой болжээ.


Энэхүү компьютерын лабораторийг “XacLab” төслийн хүрээнд Хас банкны ажилтнуудын хандив, хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд тус төсөл нь орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын компьютер, техник тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдын суралцах орчныг сайжруулах, технологид суурилсан боловсролыг тэгш хүртээмжтэй олгох зорилготой юм.


Боловсролын яамны стандартад нийцсэн 16 иж бүрэн компьютер, найман ширээ, 16 сандал, багшийн ширээ, сандал бүхий “XacLab” компьютерын лабораторитой болсноор суралцагчдад чанартай боловсрол олгож, тэдний сурч хөгжих боломжийг бүрдүүлж, багш нарын ажиллах орчныг сайжруулжээ.


Харин лабораторийн засвар тохижилтын ажлыг тус коллежийн багш Х.Шинэбаяр, Д.Батхуяг, Б.Мөнхжаргал, мужаан Н.Батбаяр, сантехникч О.Сайнбилэг болон Барилгын бүтээц угсралт, Хэвлэл график дизайн бүтээгдэхүүн, Барилгын техник технологийн ангийн суралцагчид хийж гүйцэтгэжээ.


Тус сургууль мэргэжлийн боловсрол олгох, мэргэжил эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалтыг 40 дэх жилдээ зохион байгуулж буй бөгөөд магадлан итгэмжлэгдэж, 800 гаруй оюутантай  үйл ажиллагаа явуулж байна.


Холбоотой мэдээ