УВС: Аймгийн ойн сангийн талбай 210 407 га газар хамардаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Увс аймгийн ойн сангийн талбай 210 407 га газар хамардаг бөгөөд энэ нь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 3.02 хувь, Монгол орны нийт ойн сангийн 1.13 хувийг эзэлж байна.
Ойн сангийн талбайг сумдаар авч үзвэл, Өндөрхангайд 41067 га, Тэсд 31580 га,
Зүүнхангайд 23952 га Түргэнд 17296 га, Сагилд 15344 га, Цагаанхайрханд 15377 га
газар байна. Тэрчлэн Баруунтуруунд 12809 га, Давстад 11024 га, Хяргаст 10403,
Малчинд 7785 га, Наранбулагт 6831 га, Улаангомд 5451 га, Ховдод 4564 га, Бөхмөрөнд
3890 га, Тариаланд 1833 га, Өмнөговьд 794 га, Зүүнговьд 401 га, Завханд 6 га-д
ойн сан бүхий газар байна.
Энэ сарын 21-нд тохиох Олон улсын ойн өдрийг угтан Увс аймгийн Байгаль орчны газраас аймгийн нутаг дэвсгэрт ургадаг бүх төрлийн мод, бут, сөөг, таримал ойг хайрлан хамгаалах, нэмж тарих, ялангуяа хавар, намрын хуурайшилтын үеэр ойн түймрээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд уриаллаа.
Увс аймгийн ойн санг хамгаалах, нэмж ургуулахын тулд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд 20 сая мод тарихаар идэвхтэй ажиллаж байна. Одоогоор энэхүү хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд 700 мянга орчим мод, бут сөөг тарьсан байна.