ЗАВХАН: "Сан хөмрөгийн дээж-бурхад” үзэсгэлэнд 30 дэсийн 38 үзмэр дэлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн музейд дэлгэсэн “Сан хөмрөгийн дээж-Бурхад” үзэсгэлэнг 250 гаруй хүүхэд, залуус, иргэд сонирхон үзжээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас санаачлан зохион байгуулж буй “Музейн нээлттэй өдрүүд-2026” улсын хэмжээнд үргэлжилж байна.
Тус үйл ажиллагаа нь түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн
бүтээлээр дамжуулан хүүхэд, залуус, гэр бүлийн гишүүдэд үндэсний бахархал,
эх оронч үзлийг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол, хамтын оролцоог дэмжих
зорилготой юм.
Энэ хүрээнд Завхан аймгийн музей гуравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд байнгын үзүүллэгийн танхимаа иргэдэд үнэ төлбөргүй нээж, бүх насныханд зориулсан үзэсгэлэн, тайлбар үйлчилгээ зохион байгуулж байна. Музейн тайлбарлагчид сан хөмрөгт хадгалагдаж буй түүх, соёлын дурсгалуудын хамгаалалт, сэргээн засварлалт, судалгааны ажлын ач холбогдол, онцлогийг олон нийтэд танилцуулж байна.
Тус музей нь шашны холбогдолтой 604 дэсийн 3237 үзмэртэйгээс “Сан хөмрөгийн дээж-Бурхад” үзэсгэлэнд 30 дэсийн 38 үзмэрийг онцлон дэлгэжээ.
1924 онд байгуулсан Завхан аймгийн музей сан хөмрөг, үзүүллэгтээ 11600 гаруй үзмэр хадгалж буй улсын хэмжээнд томоохонд тооцогдох музейн нэг юм. Музей нь эртний чулуун зэвсгийн үеэс эхлээд хүрэл зэвсгийн үеийн олдвор, буган хөшөөний хэлтэрхий, XIII зууны үеийн зэвсэг хэрэгсэл, угсаатны зүйн ховор нандин эдлэл, нутгийн онцлог ан амьтан, ургамлын аймгийн баялаг үзмэрүүдийг хадгалан хамгаалж байна.
Сан хөмрөгийн дээж-бурхад үзэсгэлэнгийн үзмэрээс онцолбол, долоон мэлмийт цагаан дара эх бурхны алтан шармал бүтээл нь XIX-XX зуунд урласан дархны нэр тодорхойгүй бөгөөд музейн сан хөмрөгт үзмэр цуглуулгын журмаар бүртгэгдэн хадгалагдаж байна.
Цагаан дара эх бурхны алтан шармал бүтээлийг баруун
мутраараа дээдийн өглөгийн мутарлага үйлдэж, зүүн мутраараа бадам цэцгийн
ишнээс чимхэн, цэцэг навчаар хүрээлсэн номын гэрлийн өмнө амарлингуй дүрээр
залран буйгаар урласан байна. Тэрбээр ногоон өнгөт эрдэнийн титэм, зүүлт,
торгон өмсгөлөөр гоёжээ.

Цагаан дара эх нь Жанрайсэг бурхны хувилгаан, Жажүд ёсны ядам бурхан хэмээн шүтдэг. Бүтээлд баруун гарыг өвдгөн дээр тавин эрхий болон ядам хурууг нийлүүлж, зүүн гарын эрхий, ядам хурууг мөн нийлүүлэн залбирсан мутарлагаар дүрсэлсэн нь бурхны айлдвар, аврал, энэрлийг бэлгэддэг.