Холимог тээвэр хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. “Монголын төмөр зам” ТӨХК нь Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлогч компаниудтай гэрээ байгуулж, төмөр зам, авто тээвэр хосолсон тээвэр хийж эхэллээ.
Тус компанитай Эрдэнэс Тавантолгой ХК, Энержи Ресурс ХХК хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд экспортын нүүрсний тээвэрлэлтийг төмөр зам, авто тээвэрт тулгуурлан зохион байгуулахыг Монголын төмөр зам ТӨХК мэдээлэв.
“Монголын төмөр зам” ТӨХК Эрдэнэс Тавантолгой ХК-ийн биржээр
арилжсан нүүрсийг 2024 оноос Мандал боомт хүртэл холимог
тээврээр тээвэрлэж эхэлсэн. Мөн энэ оны
хоёрдугаар сарын 5-нд Ганцмод чиглэлд төмөр зам, авто тээврийн хосолсон гэрээ байгуулж, тээвэрлэлтийг өнөөдрөөс эхлүүлж
байна.
Мөн Энержи Ресурс ХХК-ийн Ухаа худаг уурхайгаас Ганцмод боомт хүртэлх холимог тээврийг энэ сарын нэгнээс эхлүүлсэн бөгөөд орон нутгийн өмчит Тавантолгой ХК-тай Ганцмод чиглэлийн тээвэрлэлтийн гэрээ байгуулах юм. Ингэснээр Тавантолгой-Гашуунсухайт-Ганцмод болон Тавантолгой-Ханги-Мандал чиглэлд уурхайн ачилт, буулгалтын талбайгаас хилийн боомт хүртэл төмөр зам, авто тээврийн холимог тээвэр, бичиг баримтыг бүрдүүлж байна. Энэ зохион байгуулалт нь экспортын нүүрс тээвэрлэх уялдаа холбоог сайжруулах, хил нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэх, логистикийн үр ашгийг дээшлүүлэх ач холбогдолтойгоос гадна нүүрсний экспортын тогтвортой, үр ашигтай тээврийн тогтолцоог бэхжүүлэхэд нэмэртэй ажээ.
