Өнөөдөр Сонсгол хамгаалах дэлхийн өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2026-03-03 11:39:13

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн гуравдугаар сарын 3-ныг иргэдэд сонсголоо хамгаалах энгийн боловч үр дүнтэй дадлыг хэвшүүлэхийг уриалж “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.


Энэ удаад “Хүүхдийн сонсголыг хамаалъя” уриан дор дэлхий дахинаа нэгдэж байна. ДЭМБ-ын мэдээллээр хүүхдийн сонсгол алдагдлын 60 хувь нь урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд хэл ярианы хоцрогдлоос сэргийлдэг. Мөн сонсгол алдагдалтай хүмүүс сэтгэл зүйн хувьд нийгмээс тусгаарлагдах, өөрийн үнэлэмж буурах, сэтгэл гутрал, түгшүүр, айдас зэрэг сөрөг мэдрэмж, сэтгэл зүйн асуудалтай болох эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүйг онцолдог байна. Өнөөдөр чихээ хамгаалах нь маргаашийн харилцаа, ой тогтоолт, сэтгэл зүйн тогтвортой байдлаа хамгаалж буй хэрэг юм.


Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр улсын хэмжээнд нийт 107.9 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа нь нийт хүн амын 3.2 хувийг эзэлж байна. Эдгээрийн 7600 нь сонсголын, 3600 нь хэл ярианы бэрхшээлтэй иргэн байгаа бөгөөд 18 хүртэлх насны сонсголын бэрхшээлтэй хүүхэд 894 бий.


Тэгвэл ДЭМБ-ын 2021 оны дэлхийн сонсголын тайлангаар 5-19 насны 90 сая орчим хүүхэд, өсвөр насныхан сонсголын бууралттай байна. Ялангуяа хөгжиж буй орнуудад оношилгоо, эрт илрүүлэг хангалтгүй хэвээр байгаа аж. Дэлхий дээр 1.5 тэрбум орчим хүн сонсголын тодорхой хэмжээний алдагдалтай байгаа бөгөөд 430 сая орчим хүн нь өдөр тутмын амьдралд хүндрэл учруулахуйц хүнд хэлбэрийн сонсголын алдагдалтай байна. Хэрэв сонсгол бууралт, дүлийрлээс урьдчилан сэргийлэх ажил хэрэгжүүлэхгүй бол 2050 он гэхэд дэлхийн 2.5 тэрбум хүн сонсголын ямар нэгэн алдагдалтай болох төлөв гарчээ.

Холбоотой мэдээ