Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын төслийг Рэнчинлхүмбэ суманд хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-03-03 11:27:37

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкнаас зургаан жил гацсан Рэнчинлхүмбэ сумын сургуулийн барилгыг дуусгах санхүүжилтийг хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэлээ.


Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн П.Ганзориг болон Азийн хөгжлийн банкны төлөөлөл Рэнчинлхүмбэ суманд ажиллаж, ЕБС-ийн үйл ажиллагаатай танилцав. 


Боловсролын сайд П.Наранбаяр, “Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Тиймээс барилгын ажилтай холбоотой маргааныг шүүх, хуулийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэхийг хүлээлгүйгээр сургуулийн барилгыг яаралтай гүйцээх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд төслийг дэмжиж, хамтран ажиллах хүсэлтийг Азийн хөгжлийн банканд тавьсан” гэв.


Тус банкны төлөөлөгчид газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцан шаардлагатай судалгаа, үнэлгээг хийсний үндсэн дээр хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр 2019 оноос хойш зогсонги байдалд орсон сургуулийн барилгын ажлыг үргэлжлүүлж, бүрэн дуусгах нөхцөл бүрджээ.

 

Хөвсгөл аймгийн газрын хөрс мөнх цэвдэгтэй, энэ нь барилгын чанарт сөргөөр нөлөөлдгийг уулзалтын үеэр нутгийн удирдлага хэлж байв. Иймд мөнх цэвдгээс үүдэж гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд суурийг нь сайн тавихад онцгой анхаарах ёстойг салбарын сайд анхаарууллаа.


Уг барилгыг 2017 онд барьж эхэлсэн байна. “Хөвсгөл суварга” компани барилгын ажлыг 75 хувьтай гүйцэтгээд байхдаа санхүүжилтээ бүрэн авч, дуусгаагүй барилгыг улсын комисс хүлээн авчээ. Энэ асуудлыг мэргэжлийн байгууллагууд хянан шалгаж байгаа аж. 


Холбоотой мэдээ