Зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2026-03-03 11:04:40

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/.  Зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.


Жил бүрийн гуравдугаар сарын 3-ныг дэлхий даяар “Дэлхийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд өнөө жил энэ өдрийг “Зэрлэг амьтны хамгааллын санхүүжилт: Хүн ба дэлхийдээ хөрөнгө оруулъя” уриан дор тэмдэглэж байна. Түүнчлэн “Эмийн болон анхилуун үнэрт ургамал: Эрүүл мэнд, өв соёл, амьжиргааг хамгаалах нь” уриалга дэвшүүлжээ.


Учир нь Байгаль хамгааллыг зөвхөн уриа биш, бодит санхүүжилт, хөрөнгө оруулалтаар дэмжихийг зорьжээ. Дэлхий даяар хүн төрөлхтөн 50-70 мянга орчим зүйлийн эмийн болон анхилуун үнэрт ургамлыг ахуй амьдралдаа түүж ашигладаг аж. Харин Монгол оронд 1100 гаруй эмийн ургамлын зүйл бүртгэгдсэн байдаг. Монголчууд эмийн болон ашигт ургамлыг амьдрал ахуйдаа өргөн хэрэглэж, үеэс үед уламжлалт мэдлэг хэлбэрээр хойч үедээ өвлүүлэн ирсэн билээ.


Мөн Дэлхийн байгаль хамгаалах сангийн хийсэн судалгаагаар дэлхийн хэмжээнд зэрлэг амьтдын тоо сүүлийн 50 жилд 73 хувиар буурсан болохыг тогтоожээ. Энэ нь байгаль эх, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж буйн тод илрэл бөгөөд зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах асуудал нэн тэргүүний зорилт болсныг сануулж байна.


Энэ өдрийг анх 2013 онд зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах, тэдний экосистем дэх үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зарласан юм. Дэлхийн биологийн олон янз байдал урьд өмнө байгаагүй хурдаар буурч байна. Хууль бус агнуур, ойн сүйтгэл, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлс олон зүйл амьтан, ургамлыг устах аюулд оруулжээ. Байгаль бол бидний өмч биш, харин бид түүнд түр зочилж яваа гэдгийг санах өдөр юм. 

Холбоотой мэдээ