Монгол Улс конвенц, протоколын үндэсний тайлангуудаа хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2026-03-03 09:16:45

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улс Биологийн олон янз байдлын тухай конвенцын үндэсний долоодугаар, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцын үндэсний, Картагены протоколын тавдугаар, Нагояагийн протоколын анхдугаар тайланг Конвенцын нарийн бичгийн дарга нарын газарт өнгөрсөн сарын 28-нд албан ёсоор хүргүүллээ.


Эдгээр тайлан нь Куньмин-Монреалын Дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээ (КМДБОЯБХХ)-ний хэрэгжилтийн ахицыг улс орон бүрийн түвшинд нэгтгэн үнэлэх, цаашдын бодлого, хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтойг БОУАӨЯ мэдээлэв.


Биологийн олон янз байдлын тухай конвенцын үндэсний тайланд Монгол Улсын тодорхойлсон 20 зорилтын хүрээнд хэрэгжилтийн ахиц, үр дүн, тулгамдсан асуудал, сорилтыг нэгтгэн тусгажээ. Мөн Монгол орны экосистем, зүйл, генетикийн олон янз байдлын төлөв байдал, өөрчлөлтийн чиг хандлага, хамгаалал, тогтвортой ашиглалт, бодлого, эрх зүйн арга хэмжээ, хэрэгжилтийн үр дүн, тэргүүлэх зорилт, чиглэл зэргийг хамруулсан байна.


Монгол Улс тайланд тусгасан дүгнэлт, зөвлөмжид үндэслэн Куньмин-Монреалын дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээний хэрэгжилтийг үр дүнд хүргэх зорилгоор бодлого, төлөвлөлтийн салбар хоорондын уялдааг сайжруулах, мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэх, олон талт түншлэл, санхүүжилтийн механизмыг өргөжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажиллах үүрэг хүлээдэг ажээ. 

Холбоотой мэдээ